Францын парламент засгийн газарт итгэл үзүүлсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /BBC/. Францын Үндэсний Ассамблейн гишүүд дийлэнх олонхын саналаар Ерөнхий сайд Мишель Барнье тэргүүтэй Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Одоо Засгийн газар огцрох ёстой.
Энэ шийдвэрийг батлахын тулд хамгийн цөөндөө 289 санал шаардлагатай байсан бол санал хураалтад оролцсон 331 депутат огцруулахыг дэмжсэн санал өгчээ.
Энэ нь 1962 онд Жорж Помпидугийн Засгийн газар огцорсноос хойш Францын Засгийн газар итгэл хүлээлгээгүйн улмаас огцорч буй анхны тохиолдол болж байна. М.Барнье Францын Засгийн газрыг ердөө 90 хоног буюу хамгийн богино хугацаанд тэргүүлсэн Ерөнхий сайд боллоо.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл М.Барнье болон түүний танхим үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Энэ оны долоодугаар сард болсон ээлжит бус сонгуулийн дараа 50 хоногийн турш хэлэлцсэний эцэст Засгийн газрын тэргүүнийг томилж байсан юм.
Францын Үндсэн хуульд зааснаар өмнөх сонгуулиас хойш нэг жилийн дотор дахин сонгууль зарлах боломжгүй.
Елисейн ордноос мэдээлснээр, Э.Макрон пүрэв гаргийн орой иргэдэд хандаж үг хэлнэ.
Сүүлийн өдрүүдэд Э.Макроныг огцрохыг шаардаж байгаа боловч тэрбээр огцрох бодолгүй байгаа бөгөөд 2027 онд дуусах бүрэн эрхийнхээ хугацааны сүүлчийн хором мөч хүртэл ажиллана гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.