ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-09 12:20:19

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Тиймээс хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс зөвлөж байна.


Энэ сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан байна.


Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр олон жилийн дунджаас 1–2 градусаар хүйтэн байна.


Хур тунадас нутгийн баруун, баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.


Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Завхан аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадас нутгийн баруун, баруун өмнөд хэсаг буюу говийн бүсийн сумдад олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Энэ сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв ажиглагдаж байна. Өнгөрсөн 7 хоногт гэхэд Отгон суманд -34.6 хэм хүрсэн нь агаарын температурын үнэмлэхүй бага температурын үзүүлэлт байв. 


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.  Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг байна.


Холбоотой мэдээ