ДОРНОГОВЬ: Сумын сургуулийн багш, сурагчид “Тамгагүй төр” жүжгийг тайзнаа амилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхавгасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг тосгоны сургуулийн дугуйлангийн сурагчид сумынхаа тайзнаа амилуулжээ.
Дорноговь
аймгийн Иххэт сумын Насан туршийн суралцахуйн төвийн нэгжийн багш Э.Наран
тус зохиолыг найруулж, хөгжмийн найруулгыг сургуулийн дуу хөгжмийн
багш С.Оюунбилэг гардан гүйцэтгэж, урлагийн дугуйлангийн 16 сурагч тайзны жүжгийн фронтод хариуцлагатай ажилласан байна.
Хүүхэд залууст хаант төрийн үйл хэрэг, түүх шастир, туулсан үлдээсэн ахуй, өв соёлын түүчээг дүрийн урлагаар таниулан сурталчлах энэхүү томоохон жүжгийг бүтээхээр сургуулийн дуу хөгжмийн багш М.Оюунбилэг, Насан туршийн боловсролын багш Э.Наран бүтэн сарын турш уйгагүй ажилласан бол тэдний хөдөлмөр, санаачилгыг аймгийн тэргүүний Соёлын төвийн хамт олон дэмжиж хамтран зүтгэснээр 12 дугаар сарын 4-нд үзэгчдийн мэлмий сонорт хүргэсэн байна.
Жүжгийн зохион байгуулалт тайз заслыг
Иххэт сумын Соёл, спортын төвийн дарга, МУСГЗ Н.Мөнхжаргал гүйцэтгэсэн бол дүрийн зөвлөхөөр МУСТА
Б.Асалбек, Арчуг хааны дүрд О.Отгонбаяр, Цэцэр хатны дүрд У.Энхжин, Гүргэл бага хатны дүрд Н.Анунгоо, Эгрэг өрлөг түшмэлийн дүрийг Г.Энхдөлгөөн, Хүчир хан хүүд П.Одхүү, Ачир
ханхүүд Х.Мөнхтулга, зар мэдээчийн дүрд Г.Ганбаатар, Эхэст
И.Энэрэлт тоглож бусад туслах дүр бүжигт дугуйлангийн сурагчид оролцжээ.
Дугуйлангийн
16 сурагч тайзны жүжгийн фронтод хариуцлагатай байж, арын албаны аав ээжүүд
үүргийн дагуу хувцас хэрэглэл бүхий л зүйлд идэвхийлэн зүтгэснээр энэхүү алдарт
бүтээлийн ард гарсан байна.
"Тамгагүй төр" жүжиг нь 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн, гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй эмгэнэлт түүхэн жүжиг юм.
Жүжгийн гол агуулга нь Хүннү гүрний Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгснөөр үйл явдал үргэлжилнэ. Их хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгадаг. Хааны итгэлт түшмэл Эгэрэг энэ зарлигийг эсэргүүцсэнээр хаан ширээний төлөөх тэмцэл өрнөдөг.
Эгэрэг их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хааны сэнтийд суулгахаар заль мэх зохионо. Их хатан Цэцэр өөрөөс төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсөж том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн егүүтгэдэг. Харин хааны шадар Эгэрэг хүүгээ үхсэнд хорсож, хааны жинхэнэ хүүг хорооно. Эгэрэг өөрөө хаан ширээнд суухаар санаархаж хаантай тэрсэлдэж төрийн тамга, түмний эрхийг нэхэн тулалдаж их хаанд ялагдаж байгаагаар үйл явдал төгсдөг.
Ташрамд, Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй
төр” жүжгийг "Hero" энтертайментын найруулагч Б.Баатар шинэчлэн
найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт
Колизэйнд байдаг "West End" театрт өнгөрсөн онд тоглож, гадаадын үзэгчдийн хүртээл болгосон билээ.