ОРХОН: Нийтийн номын сан 35000 номын сан хөмрөгтэй уншигчдад үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-10 16:12:39


Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 10/ МОНЦАМЭ/. Анх 1976 онд Эрдэнэт хотын “Найрамдал” номын сан нэртэйгээр байгуулсан номын төв 48 жилийн дараа шинэ байртай болж иргэддээ үйлчилж байна.


1976 онд Эрдэнэт хотын номын худалдаа, 1983 онд Эрдэнэт хотын хүүхдийн номын сан, 1994 онд дээрх 3 байгууллагыг нэгтгэж "Номын төв" болгон өргөжүүлэн шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор нөөц бололцоо хүчин чадал нь сайжирчээ. 


Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2023 онд шинээр барьсан нийтийн номын сан өнөөдрийн байдлаар 35000 номын сан хөмрөгтэй уншигч олондоо үйлчилж байна.


Нийтийн уншлагын танхим, Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим, Гэр бүлийн уншлагын танхим, Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим, ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хийх VIP өрөөнүүд болон багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай.


Мөн гуравдугаар давхарт байрлах “Америкийн төв” нь уншлагын өрөө, интернэт өрөө, Maker space, E-sport, сургалт болон хөтөлбөрийн өрөөтэй. Нийт 1826.73 ам.метр талбай бүхий уг барилга нэг ээлжиндээ 315 хүнийг зэрэг хүлээн авах чадалтай орчин үеийн номын сан болж чаджээ.

    Эрдэнэт хот нь 109.800 гаруй хүн амтай үүний 46,7 хувийг нь 19 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж, улсын болон хувийн 40 орчим цэцэрлэгт 8789, Ерөнхий боловсролын 25 сургуульд 25000 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байгаа нь хотын номын санд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Аймаг орон нутгийн үе үеийн удирдлагууд асуудлыг ажил хэрэг болгосны үр дүнд Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудын номын төвөөр үйлчлүүлэх байдал сүүлийн жилд тогтмол нэмэгдэж байна.







    Холбоотой мэдээ