БАЯН-ӨЛГИЙ: Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл хуралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн аймаг, сумын Засаг дарга дэргэдээ улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл ажиллуулна гэж заасан.
Баян-Өлгий аймгийн улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл ээлжит зөвлөгөөнөө энэ сарын 9-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хийлээ. Зөвлөгөөнийг тус аймаг дахь хилийн 0165, 0285 дугаар анги хамтран зохион байгуулав.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Улсын хил
хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга Е.Зангар, хилийн 0165
ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, хилийн 0285 дугаар ангийн захирагч,
хурандаа Б.Хүрэлсүх, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай,
Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох болон аймгийн тусгайлсан чиг үүрэг
бүхий байгууллагын дарга, хилийн сумдын
Засаг дарга нар оролцов.
Зөвлөгөөнөөр аймгийн Улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа, улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэв.
Хилийн
ангийн захирагч нар улсын хил хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр
дүнгийн талаар илтгэл тавив. Мөн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2025
оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад
туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга Е.Зангар зөвлөгөөний үеэр хэлсэн
үгэндээ хилийн 0165, 0285 ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг хуулийн
хүрээнд идэвхтэй зохион байгуулж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн хил
хамгаалалтад дэмжлэг үзүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд аймаг,
хилийн сумдын төсөвт тодорхой хөрөнгө тусгаж байгааг дуулгалаа.