Хятадын хөл бөмбөгийн холбооны удирдлага авлигын хэргээр яллагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБЭЭЖИН. 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /ТАСС/. Хятадын шүүхээс тус улсын хөл бөмбөгийн холбооны Шүүгчдийг хянах хэлтсийн захирал асан Тань Хай-д хээл хахуулийн хэргээр 6 жил 6 сарын хорих ял оноожээ.
Түүний хууль бусаар олж авсан
мөнгөн хөрөнгийг улсын санд хураан авснаас гадна 200 мянган юаниар /$27 000/
торгосон байна.
Энэ оны 9 дүгээр сард Хятадын хөл бөмбөгийн холбооноос тохиролцооны тоглолтуудад оролцсон 38 хөлбөмбөгчний эрхийг хасаж, хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг нь бүх насаар нь хоригложээ. Үүнээс өмнө наймдугаар сард Хятадын хөл бөмбөгийн холбооны тэмцээний асуудал эрхэлсэн хэлтсийн захирал асан Хуан Сүн хахууль авсан хэргээр 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Мөн тус холбооны орлогч даргаар ажиллаж байсан Ли Юйи-д 11 жилийн хорих ял оноожээ. Гуравдугаар сард холбооны дарга асан Чэн Сюйюань хээл хахуулийн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш БНХАУ-д авлигатай тэмцэх кампанит ажил эрс эрчимжсэн юм. Сүүлийн жилүүдэд бүх шатанд авлигыг илчлэхийн тулд “батгана ба барыг цохих” гэсэн уриан дор уг ажиллагааг явуулснаар өндөр албан тушаалтнууд, томоохон компаниудын захирлууд, дунд, доод шатны албан тушаалтнууд илчлэгдэж, янз бүрийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байна.