БАЯН-ӨЛГИЙ: Цэргийн бүртгэлийг ирэх сарын 31-ний өдрийг хүртэл явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар цэргийн бүртгэл явуулах тухай захирамж гаргалаа.
Захирамжид цэргийн бүртгэлийг энэ сарын
7-ноос 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд аймгийн хэмжээнд зохион
байгуулахаар тусгажээ.
Мөн бүртгэлийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн
штабаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу анхан шатны бүртгэлд үндэслэн нутаг
дэвсгэртээ чанартай зохион байгуулж, мэдээ судалгааг нэгтгэн тогтоосон хуваарийн
дагуу ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгасан байна.
Цэргийн бүртгэлийн явцад хяналтын тооллого
хийх, зарим сумдад шалган туслах ажил явуулах, мэдээ судалгааг нэгтгэж батлан
хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргэхэд шаардлагатай зардлыг аймгийн
ЗДТГ-аас өгөхөөр шийдвэрлэжээ.
Цэргийн албаны тухай хуульд цэргийн
бүртгэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд нэг удаа зохион байгуулахаар тусгасан
ба түүнд цэрэгт бүртгэлтэй иргэн бүр хамрагдана гэж заажээ.
Хуулиар цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн
захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж
цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй
байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас
дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар
шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс
хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээдэг юм.