Дөрвөн хэсэг дээр дахин сонгууль явагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-20 13:23:29

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Увс аймгийн 19 сумын 93 хэсэг дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Увс аймгийн сонгуулийн дөрвөн хэсэг дээр нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалтыг сонгуулийн ирц бүрдээгүйгээс биш, харин нэр дэвшигчид ижил тооны санал авсан учраас дахихаар болсон байна. Тухайлбал, Завхан сумын Хяргас нуур баг, Хяргас сумын Хайрхан баг, Сагил сумын Үүрэг нуур баг, Тариалан сумын Хөхөө багийн хэсэг дээр МАН-ын нэр дэвшигчид тэнцүү тооны санал авсан тул тухайн нэр дэвшигчдийн дунд ирэх амралтын өдрүүдэд дахин санал хураалт явуулахаар болжээ. Энэхүү санал хураалт нь тус дөрвөн хэсэг дээр санал тэнцсэн 8 хүний дунд л явагдах аж.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 49177 сонгогч бүртгэлтэй байсан бөгөөд үүнээс 33900 сонгогч саналаа өгч, нийт сонгогчдын 68,9 хувь нь сонгуульд оролцсон байна. Аймгийн хэмжээний 19 сумын 93 хэсэг дээр ирц 52-аас дээш хувьтай байжээ. Урьдчилсан байдлаар Сумын ИТХ-ын 403 суудлын 282 буюу 70 хувийг МАН, 118 буюу 29,3 хувийг АН, 3 буюу 0,7 хувийг бие даагч авсан байна.

“Сонгуулийн үеэр байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсангүй, сонгууль төлөвлөсөн хугацаандаа амгалан тайван, хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ