“Тавантолгой түлш” ХХК бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарах шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-19 11:57:51

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлтехнологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ сарын 18-нд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн байдал болон технологийн талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Ц.Алтансүх, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, ерөнхий технологич Д.Өлзийбат нар танилцууллаа. Тус үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худгийн уурхайгаас бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг төмөр замаар өдөрт 4000 тонныг татан авч бутлаад, барьцалдуулагч, чийгийг тохируулан хольж, шахаж хэвлэн, савлах дамжлагаар үйлдвэрлэлээ явуулдаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд түүхий эдээ солих шаардлагатай бөгөөд үүнийг үйлдвэр бие даан шийдвэрлэх боломжгүй, эрх бүхий байгууллага, мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр ярив.


Тус компанийн төвийн болон зүүн үйлдвэрүүд сард 75 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бөгөөд өртгөөсөө тав дахин хямд үнээр борлуулж буй тухай Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг танилцуулсан юм. “Энержи Ресурс” ХХК-иас мидлингээ үнэгүй авдаг ч татан авах тээвэрлэлтэд нийтдээ 288.4 тэрбум төгрөг зарцуулаад байгааг тэрбээр хэллээ. Түүний танилцуулснаар 1.0 тонн сайжруулсан түлшний өртөг 598.9 мянган төгрөг болдог бөгөөд үүнийг шуудайд шилжүүлбэл нэг шуудай түлшний өртөг 15 мянган төгрөг болох бөгөөд үүнийг 3750 төгрөгөөр борлуулдаг байна. Компанийн нийт зардлын 45.1 хувийг түүхий эд, түүнийг татан авах зардал эзэлдэг бөгөөд 26.5 хувийг цалингийн, 6.5 хувийг элэгдлийн зардал эзэлдэг аж.


Ухаа худгийн уурхайн мидлинг эрчим хүчний нүүрсний MNS 6226:2011 стандартын шаардлагыг, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш хатуу түлшний MNS 5679:2022 стандартын шаардлагыг, үйлдвэрлэлд ашиглаж байгаа барьцалдуулагч бодис холбогч эдийн CS11-0566:2024 стандартын шаардлагыг тус тус бүрэн хангаж байгааг ерөнхий технологич Д.Өлзийбат үндсэн үзүүлэлтээр тайлбарлан ярьсан юм. Тэрбээр үйлдвэрлэлийн технологийн горим өөрчлөгдөөгүй, түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй хэмээв.


Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн үйлдвэрлэлийн эхэн үед Улаанбаатар хотын агаарын чанар сайжирч байсан. Гэтэл 2024 онд агаар илэрхий бохирдож, хүн амын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсон талаар тодруулахад ерөнхий технологич Д.Өлзийбат хотын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн. 140 гаруй аж ахуйн нэгжид түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн нь нөлөөлсөн хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр Улаанбаатар хотын айл өрхийн хэрэглэж байгаа зуухны 60 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэв.


УИХ-ын гишүүн Б.Уянга нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт болон тус компанийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээг харцуулж харахад агаарын бохирдолд сайжруулсан түлш бага нөлөөтэй байх магадлалтай гээд угаарын хий үүсэж буйн шалтгаан, шахмал нүх сүвжилт зэрэг нарийвчилсан асуудлаар ярилцав. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Энержи Ресурс” ХХК нийлүүлж байгаа мидлингээ хэрхэн тээвэрлэж, хадгалж, ачиж байгаа зэрэгт хяналт тавих, мөн өөрийн бүтээгдэхүүний агуулах, тээвэрлэлтийн менежментийг сайжруулахыг зөвлөж, сүүлийн гурван жилд шахмал түлшний хэрэглээ буурсан байхад агаарын бохирдол нэмэгдсэн нь өөр хүчин зүйлсээс нөлөөтэй гэж харагдаж байна гэлээ.


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг үйлдвэрлэлийн явцад барьцалдуулагчийг өөрчилсөн нь бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлснийг асууж, түүхий эд буюу мидлинг болон эцсийн бүтээгдэхүүний харьцуулсан үзүүлэлт, туршуилтуудын үр дүн, стандартыг шинэчлэн сайжруулах шаардлагын талаар асууж хариулт авав. Мөн тэрбээр алдагдал 816.7 тэрбумд хүрсэн, түүхий эдээ үнэгүй авч байгаа хэрнээ бүтээгдэхүүний өртөг өндөр байгаа зэргийг хөндсөн бол УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа жилд 10 мянган хүн угаартаж, 100 гаруй нь нас барж байгаа явдал бол ноцтой үзүүлэлт гэдгийг онцлоод, үйлдвэрлэлийн орц, гарцын хяналт, хөндлөнгийн болон өөрийн лабораторийн хэмжилт, шинжилгээг тогтмолжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн юм. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн үйлдвэрлэлийнхээ технологи, горим, стандартыг сахиж ажиллахын зэрэгцээ хэрэглэгчдийн хэрэглээ, ахуйн хэрэгсэлд мөн хяналт тавих шаардлагатайг дурдаж, явуулын лабораторитой болохыг зөвлөсөн юм. Тэрбээр нийслэлээс захиалагчийн хяналтыг сайжруулах, мөн хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх шаардлагатай гээд технологи, тохируулгыг бүх үе шатанд туршилт хийж судлах, технологио хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэв.


Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж байгаа энэ үед “Тавантолгой түлш” ХХК бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой хяналт тавьж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа онцлоод, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хяналт шалгалтын ажлаа эрчимтэй явуулж, санал дүгнэлтээ хугацаа алдахгүй гаргана гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийн 1, 2, 3 дугаар цехийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн цехүүд хөө тортог ихтэй, ажиллахад хүнд нөхцөлтэй байгааг ажлын хэсгийн гишүүд анхааруулж, үйлдвэрлэлийг битүүмжилсэн орчинд тоосжилт, тортог багатай явуулах талаар судалж, шийдвэрлүүлэхийг зөвлөв.


Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа болон УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн  нар танилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ