ЗАВХАН: Утга зохиолын 7 хоног болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Эх хэл соёл-Эх
үндэс оршихуй” уриатай утга зохиолын долоо хоног энэ сарын 20-27-ны өдөр хүртэл болно.
Эдгээр өдрүүдэд "Номтой өглөө" зохиолч уншигчдын уулзалт, “Хулангийн унага” хүүхдийн яруу найргийн наадам болно.
Мөн баруун бүсийн соёл, утга зохиолын цахим уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ хэлэлцүүлэгт Завхан, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн зохиолч яруу найрагч, утга зохиолыг судалдаг, сонирхдог хүүхэд залуучууд оролцох юм.
Энэ долоо хоногт Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шигшмэл бүтээлүүдийн “Шинэ номын хэлэлцүүлэг” болно.
Түүнчлэн Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангаас 2024 оны номын сайн нөхөр шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаануудыг зохион байгуулна гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн төв номын сангаас сүүлийн хоёр сарын хугацаанд
ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад
зориулсан "Ном уншихын ач тус" гэрээр номын сантай болохыг уриалсан үйл
ажиллагааг зохион байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 70 гаруй суралцагч гэртээ
номын сантай болж харилцан бие биетэйгээ номоо солилцон уншдаг болсон байна. Аймгийн
хэмжээнд давхардсан тоогоор 160 гаруй хүүхэд, насанд хүрэгчид номтой нөхөрлөж
номын сайн нөхөр болсон гэж Завхан аймгийн Төв номын сангаас нэмж дуулгав.