Бага ангийн сурагчдад дохиолол суулгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-20 18:16:20

Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооноос “Дусал өнгө” ТББ-тай хамтран Дорноговийн ерөнхий боловсролын сургуулийн  бага ангийн сурагчдад цагдаагийн, онцгой байдлын, эмнэлгийн тусламжийн дохиолол суулгах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Оройн цагаар, гэрэлгүй харанхуй гудамжаар гэртээ харьдаг хүүхдүүд, эрсдэлд орж болзошгүй хүүхдүүд, алсаас сургуульдаа явдаг сурагчдын хувцас болон цүнхэнд тоглоом бүхий дохиолол, мөн гар утсанд нь апликейшн зүүж өгсөнөөр тухайн хүүхдэд аюул тохиолдсон үед дохиолол автоматаар дуугарах аж.

Сурагчдад ямар нэгэн эрсдэл үүсч төхөөрөмж дуугарахад Цагдаа, Эмнэлэг, Онцгой байдлын газарт тусгай комьпютерийн сүлжээгээр мэдээлэл ирж тухайн хүүхдийг эрсдлээс хамгаалах боломж  бүрдэнэ.

Тухайлбал, сурагчдад эрүүл мэндийн асуудал үүслээ гэхэд төхөөрөмж автоматаар мэдэрч дохиолол дуугарахад тусгай сүлжээгээр эмнэлгийн байгууллагад мэдээлэл  хүрэх бол, сурагчдын биед халдлага боллоо гэхэд Цагдаагийн газарт, осол гэмтэл тохиолдлоо гэхэд  Онцгой байдлын газарт мэдээлэл  хүрнэ.

Энэхүү технологи нь өндөр хөгжилтэй гэгдэх Японд хэрэгжиж үр дүнгээ өгсөн байна. Японд сурч, ажиллаж байгаа монголчуудын үүсгэл санаачилгаар  дээрх төслийг Монгол Улсын 500 орчим бага насны хүүхдэд хэрэгжүүлэх бөгөөд үүний 300-г нь Дорноговьд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг ирэх долоо хоногоос хэрэгжүүлэх аж.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ