Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн Монгол Улсад ногдох дийлэнх хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаарх УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад
хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг
САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын
хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан
юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах
хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
хэрэгжих боломж бүрдэнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.