ГОВЬ-АЛТАЙ: Баатарлаг жангар туулийг 1000 хүүхэд бүрэн эхээр нь хайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-26 13:36:08

Есөнбулаг 2024 оны арван хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Туульсын хаан Жангар-2024"  үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 1000 сурагч “Баатарлаг Жангар” тууль хайллаа.


Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан "Монгол Жангар хайлах" өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх "Баатарлаг Жангар" туулийг 1000 туульч хайлах үйл ажиллагааг Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа зохион байгууллаа. 


Тус үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 1000 туульч хүүхдийг бэлтгэн туулийн 17 бүлгийг бүрэн эхээр нь хайлж алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулсан юм. 


"Жангар" тууль хайлах үйл ажиллагааг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан 2023 оны хоёрдугаар сард анх удаа Алтай суманд зохион байгуулж байсан бол ийнхүү гурвантаа хайлж өв соёлоо түгээн дэлгэрүүлж, байгаль дэлхийгээ аргадав.  

Туульс хайлах үйл ажиллагааны хүрээнд говийн тэмээчид баяраа тэмдэглэсэн нь өв соёл, ёс заншил, уламжлалаа дээдлэн, тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийг алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах чухал ач холбогдолтой байлаа гэдгийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас онцлон танилцуулсан юм.

Холбоотой мэдээ