ГОВЬ-АЛТАЙ: “Бяцхан эмч” хөтөлбөр шилдэг төслөөр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-26 13:04:31

Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэгт хэрэгжиж байгаа “Бяцхан эмч” хөтөлбөр 2024 оны "Боловсролын салбарын нийгмийн эерэг нөлөөллийн шилдэг төсөл"-өөр шалгарчээ. 

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, тус нийгэмлэгийн Говь-Алтай аймаг дахь салбараас хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийг Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэг аймагтаа анхлан хэрэгжүүлж, “Бяцхан эмч” клубийг байгуулсан байна.


Хүүхэд багачуудын сонирхол татсан орчныг бүрдүүлэн, хүүхэд хүүхдээс энгийн, ойлгомжтой, сонирхолтойгоор мэдлэг олгох зорилго тавин ил төслийг хэрэгжүүлж байгаа тухай Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Хишигбаяр танилцууллаа. 


Өдгөө давхардсан тоогоор 500 орчим эцэг эх, бага насны хүүхдүүдэд эрүүл ахуй зөв дадал хэвшил, харилцаа хандлага, хүүхдүүд бие биеэ хүндэлж харилцах, тэдгээрийн бие эрхтний онцлог, дэлгэцийн донтолоос сэргийлэх, жендэрийн талаарх сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулгад тусгагдаагүй, өнөөгийн нийгэмд маш ихээр тулгамдаж байгаа асуудлын талаар анхан шатны мэдлэгийг бага наснаас олгож төлөвшүүлж буйгаараа ихээхэн онцлогтой гэдгийг хэлж байлаа. 



Ил төсөл тус цэцэрлэгт хоёр жил хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд бага насны хүүхдүүд үе тэнгийнхэндээ эрүүл мэндийн анхан шатны мэдлэг, мэдээллийг олгох сургагч багшаар бэлтгэгдэн чадавхжих нь бусдадаа үлгэр дуурайлал болж байгааг ч онцлов. Үүний сацуу төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх болон гэр бүлийн хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдсэн байна. 


Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг “Бяцхан эмч” төслийг 2017 оноос эхэлсэн бөгөөд Төв, Орхон, Өмнөговь, Дорноговь, Архангайн Хашаат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэгт тус тус амжилттай хэрэгжүүлж байна. 


Холбоотой мэдээ