Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Дамаскт хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-03 16:57:55

ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /DW/. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар Дамаск хотод гэнэтийн айлчлал хийсэн тухай Францын Гадаад хэргийн яам мэдээлжээ. 


Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасан “Хаят Тахрир аль-Шам” тэргүүтэй бүлэглэлүүдээс сонгогдсон тус улсын шинэ удирдагч Ахмед аль-Шараатай уулзахаар төлөвлөж байна.


Бербок, Барро нар Дамаск ирсэн барууны томоохон орнуудын анхны Гадаад хэргийн сайд нар болж байна. Тэд "Европын Холбооны нэрийн өмнөөс" айлчлал хийж байгаа бөгөөд Сирид “эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх, улс орноо сэргээн босгоход” Герман улс туслахыг эрмэлзэж байна гэж Германы Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. 


Анналена Бербок хэлэхдээ, Герман-Сирийн харилцааг, Европ-Сирийн харилцааг бүхэлд нь шинэчлэх боломжтой бөгөөд энэ нь Дамаскийн "шинэ удирдагчдын хийх тодорхой алхам"-аас шалтгаална гэж мэдэгджээ. 


Бербок, Барро нарын айлчлалаас өмнө Германы ГХЯ-ны Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн комиссар Тобиас Тункел тэргүүтэй дипломатчид 12 дугаар сарын 17-нд Дамаск хотноо Ахмед аль-Шараатай уулзсан байна. Европын Холбоо мөн Сирийн шинэ эрх баригчидтай холбоо тогтоож эхэлжээ. Тус холбоог төлөөлөн Германы дипломатч Майкл Онмахт 12 дугаар сарын сүүлчээр Дамаскт айлчилсан байна. 



Холбоотой мэдээ