Юн Сог Ёлийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 6 /DW/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал ням гарагт буюу өчигдөр түүний өргөөний гадна нэгэн зэрэг болжээ. Жагсагчдыг цагдаа нар тусгаарлаж байв. Цас орж цаг агаар таагүй байсан хэдий ч жагсаалуудад хэдэн зуун хүн оролцжээ.
Эсэргүүцэгчид Юныг шүүхийн шийдвэрийн дагуу баривчлахыг шаардсан байна. Шүүхийн тогтоолыг гүйцэтгэх хугацаа нэгдүгээр сарын 7-нд шилжих шөнө дуусах юм. “Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба гэмт хэрэгтнийг халхавчилсаар байхад өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газрынхан тайван байж чадахгүй” гэж сөрөг хүчний нэгэн идэвхтэн хэлсэн байна.
“Эх орон, ардчиллыг хамгаалах” хэрэгтэй гэж эсэргүүцэгчид ярьжээ. Ахмад настай нэгэн идэвхтэн Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө "Би дайнд оролцож явсан, 20 хэмийн хүйтэн цасанд коммунистуудтай тулалдаж явлаа. Энэ цас юу ч биш. Бидний дайн дахин эхэлж байна" гэжээ.
Нэгдүгээр сарын 3-ны өглөө Юн Сог Ёлийн хэргийг шалгаж буй Өмнөд Солонгосын мөрдөгчид түүнийг баривчлахаар Сөүл дэх түүний өргөөнд ирсэн боловч Юны хамгаалалтын албаныхан баривчлах ажиллагаанд саад учруулсан тул ажиллагааг түр зогсоосон юм.
Сөүлийн баруун дүүргийн шүүх Юн Сог Ёлийг үймээнийг удирдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан гурван удаа байцаахаар дуудсан боловч ирээгүй тул түүнийг баривчлах захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан юм.