УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй
тус тоглолтыг нээж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв. “Жил
бүрийн нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг
уламжлалтай. Ойн хүрээнд анх 2013 онд УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын
улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсаар өнөөдөр 13 дахь удаагийн шигшээ эхлэх гэж байна. Улс орон даяар зохион байгуулдаг
тэмцээнд энэ удаа 5481 шатарчин оролцсон. Тэдгээрээс
шалгарсан тамирчид шигшээ тоглолтод оролцохоор энд цуглаад байна”
гэлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын мэндчилгээг Монголын
шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар уламжиллаа. Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их эзэн Чингис хаан мэндэлсний 862 жилийн ой,
Монгол бахархлын өдрөөр Монголын түүх судлалыг дэмжих, сурталчлан таниулах,
дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргасныг дурдаад, энэ удаагийн шатар
сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатраар төрөл нэмж
байгааг дуулгасан. Монгол шатар нь нүүдэлчний зан заншил, соёл уламжлалыг нэвт
шингээсэн онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн
мэндчилгээний үеэр онцлоод, монгол шатрын төрөлд оролцож байгаа тамирчид
өнөөдөр Төрийн ордонд үндэсний шатраараа наадах онцгой сайхан өдөр тохиож
байгааг тэмдэглэсэн юм.
Нээлтийн дараа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж эхний нүүдлийг Монголын шатрын
холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуунтай хийж, тэмцээнийг албан ёсоор
эхлүүллээ. Тус тэмцээний эхний шатыг 2024 оны арваннэгдүгээр сарын 23, 24-нд
улс орон даяар зохион байгуулсан бол хагас шигшээ тэмцээн 2024 оны арванхоёрдугаар
сарын 14, 15-нд болсон юм. Өнөөдөр эхэлж буй шигшээ тэмцээнд сум,
дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 170 шатар сонирхогч оролцож байгаагийн 130
нь эрэгтэй, 40 нь эмэгтэй юм. Мөн УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, зарим
төрийн байгууллагын тамирчин оролцож байна. Тамирчид нийт найман өрөг тоглон,
аваргууд тодорч, тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд
мастер цол олгоно.
Тэмцээнд 25-аас дээш насны шатрын спортын зэрэг цолгүй сонирхогчид өрсөлддөг
бөгөөд хамгийн ахмад настай нь 86 настай Д.Найдан юм. Тэмцээний нэг
онцлог нь монгол шатрын төрөл бөгөөд 8 тамирчин өрсөлдөж байна. Монгол шатрын
үүслийг XIII зууны үеэс улбаатай. Монголчуудын ахуй, соёл,
өв уламжлалыг шингээснээс гадна тоглох дүрэм, дүрс хэлбэр, нүүдэл,
дуудлага нэршил зэргээрээ онцлог болохыг Монголын шатрын холбооны
удирдах зөвлөлийн гишүүн, мэргэшсэн хорооны дарга Ч.Мөнхбат танилцуулав.
Шигшээ тоглолт хоёр өдөр Төрийн ордонд үргэлжилнэ.