А.Овечкин өвөрмөц дээд амжилт тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-17 11:51:28

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 17. /ТАСС/. Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин “Оттава”-гийн талбайд болсон тоглолтод өрсөлдөгчийнхөө хаалганд нэг гоол оруулснаар багаа хожилд /1:0/ хүргэлээ.


Ингэснээр лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо түүний оруулсан шайбны тоо 874-хүрч, Канадын алдарт хоккейчин У.Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг /894 гоол/ давтахад 20 гоол дутуу боллоо. Өмнө нь 12-ны өдөр “Нэшвилл” багтай хийсэн тоглолтод /4:1/ А.Овечкин мөн гоол оруулсан юм.


Үүний зэрэгцээ өдгөө 38 настай тэрбээр “Оттава” багийн финланд хаалгач Леэви Мериляйнений хаалганд гоол оруулснаар Чехийн алдарт хоккейчин Яромир Ягрын тогтоосон рекордыг эвдлээ. Тодруулбал, хаалганд нь шайб оруулсан хаалгачийн тоо Овегийн хувьд 179 болжээ. Дараагийн тоглолтод А.Овечкин гоол оруулбал NHL-ийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд ялалтын гоол оруулсан тоогоор Я.Ягрын /135/ амжилтыг давтах юм.


Энэ улиралд тэрбээр 21 гоол оруулж, гоол ба оновчтой дамжуулалтын үзүүлэлтээр /21+12/ 33 оноо аваад байна.


Одоогийн байдлаар “Вашингтон Кэпиталз” баг 45 тоглолтод 65 оноо авснаар Нийслэлийн дивизионыг тэргүүлж байна. Дараагийн тоглолтоо тус баг 19-нд шилжих шөнө “Питтсбург” багтай өөрийн талбайд хийнэ. 

Холбоотой мэдээ