Төвийн системд эрчим хүч нийлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Багануур батарей хуримтлуурын станц нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс буюу Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед хувь нэмрээ оруулж байна.
Нийслэлийн Багануур дүүрэг дэх “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн 12 дугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон билээ. Тус станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгальд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах олон талын ач холбогдолтой юм.
Нийслэлийн эрчим
хүчний хэрэглээ жилд 150-200 МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд 2030 онд 3300 МВт
орчим цахилгаан шаардлагатай болох тооцоо
бий. Улаанбаатар хот өнгөрсөн онд 200 МВт эрчим хүчний дутагдалтай өвөлжсөн бол
Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин
чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч
нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхөөд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.