Умард Солонгос далавчит пуужин туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН, 2025 оны нэгдүгээр сарын 26 /Kyodo/. Умард Солонгосын тал бямба гарагт стратегийн далавчит пуужин туршсан гэдгээ өнөө өглөө мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш Пёньяны хийсэн анхны пуужингийн туршилтыг удирдагч Ким Жөн Ун удирдан явуулсан байна.
Далай-газар ангиллын пуужингийн туршилт нь “бүс нутгийн
аюулгүй байдалтай холбоотой өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг харгалзан стратегийн
хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх” зорилготой гэж Солонгосын төв цахилгаан
мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Тус улсын Гадаад хэргийн яам мөн АНУ, Өмнөд Солонгосыг
саяхан хийсэн цэргийн хамтарсан сургуулилалтыг шүүмжилж, Вашингтоны засаг захиргаа Умард Солонгосын бүрэн эрх, аюулгүй
байдлын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал ийм сургуулилалтын эсрэг
хатуу хариу арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.
Д.Трамп пүрэв гарагт ярилцлага өгөх үеэрээ Ким Жөн Унтай
дахин харилцаа холбоо тогтоох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Д.Трампын эхний бүрэн
эрхийн хугацаанд талууд гурван удаа уулзсан боловч 2019 онд болсон сүүлчийн
уулзалтаар цөмийн зэвсгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Бямба гарагт туршсан стратегийн далавчит пуужингууд 1500 км зайд нисэж, байгаа оновчтой оносон байна. Пуужингийн туршилт хөрш орнуудын аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэж KCNA мэдээлжээ. Бямба гаргийн 16:00 цагийн орчимд Умард Солонгосоос Шар тэнгис рүү олон далавчит пуужин харвасныг илрүүлсэн гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн байна.
Энэхүү туршилт нь Пёньяны тогтоон барих чадавх улам сайжирч
буйг харуулж байгааг Ким Жөн Ун цохон тэмдэглэжээ. Энэ сарын эхээр Умард
Солонгосын тал хоёр удаа пуужингийн туршилт хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд
стратегийн далавчит пуужинг олон удаа туршсан байна.