Зеленскийтэй энхийн хэлэлцээр байгуулахаас Путин татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 29 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхийг үгүйсгээгүй боловч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах боломж байгаа эсэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эргэлзэж байна. Зеленскийг Украины хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа тэрбээр мягмар гарагт төрийн мэдлийн "Россия 1" телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
“Яриа хэлэлцээг хэнтэй ч хийж болно, гэхдээ тэрбээр хууль ёсны эрхгүй учраас ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй. Хэрвээ тэр хэлэлцээнд оролцохыг хүсвэл би эдгээр хэлэлцээг хийх хүмүүсийг нэрлэнэ" гэж В.Путин хэлжээ.
В.Путин мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өөртэй нь хэлэлцээ хийхийг хориглосон В.Зеленскийн зарлигийн талаар дахин дурджээ. Тэрбээр хэлэхдээ, ОХУ-тай хэлэлцээ хийх боломжийг нээхийн тулд энэ зарлигийг хүчингүй болгох ёстой бөгөөд үүнийг Дээд Радагийн дарга хийх боломжтой гэв.
Оросын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, мөн Барууны орнууд Украинд санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэхээ зогсоовол дайн хоёр сарын дотор дуусна гэж мэдэгджээ. Түүнчлэн 2022 оны хавар В.Зеленскийтэй биечлэн уулзахад бэлэн байсан, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд энэ талаар "дохио илгээсэн" гэдгээ мэдэгдсэн байна.