Уран бүтээлч Б.Цолмонбаяр бие даасан үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-01-31 16:38:48

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч Б.Цолмонбаяр “Аян-Ерэн есөн жилийн газар” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр дэлгэлээ.


Энэхүү үзэсгэлэнд тэрбээр монгол сэтгэлгээний онцлог, үлгэр домог болоод ахуй соёл, археологийн олдвор тэдгээрийн судалгаанд суурилан, орчин цагийн хүмүүсийн ойлгох хэлээр буюу өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлстэй хослуулан дүрсэлжээ. Дэлхий даяаршин, соёлууд ойртон нягтрах, холилдох үйл явц хүчтэй явагдаж байна гэж үзэж болох хэдий ч нөгөө талаасаа үндэстний сэтгэлгээний онцлогт суурилсныг уран бүтээлч тус үзэсгэлэнгээр илэрхийлэхийг зорьсон байна.


Мөн 1960 оноос хүчтэй хөгжих болсон поп арт нь өдгөө ч дэлхийд хүчтэй тархаж Монголд нөлөөгөө үзүүлж байгааг энэхүү үзэсгэлэн мэдрүүлнэ.


Үлгэр домгоос судалж, уран сэтгэмжээр бүтээсэн дүрүүдээ поп артын тод, хурц өнгөөр зохиомжилж, нарийн зураасаар тодруулсан нь уламжлалт дорнын зургийн арга барилыг мөн илтгэнэ. Түүнчлэн тэрбээр бүтээлийнхээ дүр, дүрслэлүүдийг нэг бүрчлэн уншиж судлахаас гадна хөгжүүлэлтийн олон хэлбэрийг ашигладаг болох нь ажиглагдана.

Баримал, уран зураг, эскиз хар зураг гэсэн үндсэн гурван төрлийн 50 гаруй бүтээлээс бүрдэх тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.

 






Холбоотой мэдээ