Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгө оруулалтыг нэмэх, ногоон ажлын байр бий болгохыг олон талаас нь хэлэлцүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-02 17:12:51

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Монгол Улс Улаанбаатар хотноо анх удаа 2026 онд зохион байгуулна. 


Тус хурлыг угтаж, Монголын Бизнесийн зөвлөл, Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран “COP-ийн дараах: Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” хуралдааныг нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

 

Хуралд Засгийн газар, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцон, уур амьсгалын бодлого, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг хэлэлцэж, Монгол Улсын уур амьсгалын зорилтууд, олон улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Мөн, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж буй олон салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд уулзан, үндэсний төдийгүй олон улсын чиг хандлага, нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан юм.

 

Энэхүү хурлыг зохион байгуулах нь дэлхийн хэмжээнд уур амьсгалын асуудлыг шийдэх, тэр тусмаа цөлжилт, сэргээгдэх эрчим хүчний шилжилт гэх мэт асуудалд Монгол Улс хэрхэн манлайлж ажиллахаа харуулна гэдгийг Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт болон Иргэний нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жавхлан панел хуралдааныг удирдах үеэрээ онцлоод, “COP 17 хурлыг манай улсад зохион байгуулах шийдвэр гаргасан нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд манлайлал үзүүлэх хамгийн том амлалт юм” гэдгийг тодотголоо.

 

Тус хуралдаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марциулёните, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Пиккаррета Жованна, СОР17 / ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурал/-н Бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь оролцож, Риогийн гурван конвенцын талуудын бага хурлын дараа улс орнуудын уур амьсгалын хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар олон улсын түвшинд үзэл бодлоо хуваалцсан юм.

 

Цөлжилт, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь дан ганц байгаль орчны биш, өргөн салбарыг хамарсан, нэг улс орны ч бус бүхий л улс үндэстнийг дамнасан асуудал, бэрхшээл болчихоод байгаа. Үүнд хүн бүрийн оролцоо чухал тул улс орнууд нэгдэн, энэ асуудлыг яаж шийдэх, бэрхшээлийг даван туулах, хэрхэн дасан зохицоход гарц, шийдлийг эрэлхийлсээр байна.

 


Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудал нь уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх явдал юм. Тэгэхээр нөгөө талдаа байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх нь манай улсын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Ялангуяа, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд 2030 он гэхэд бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх үүрэгтэй. 

Харин дотооддоо бол иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах гол гарцын нэг нь байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх үйлс гэж хэлж болно.

 

Азербайжан улсын Баку хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалт 2024 оны 11-р сард болсон билээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ нэмэх тухайд дэлхийн удирдагчид санал нэгдсэн билээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуралд оролцохдоо, Монгол Улсаас хэрэгжүүлж буй уур амьсгалын санхүүжилт, бизнесийн орчны шинэчлэлийг онцлоод, “Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар багасгах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт,  шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.  Энэ үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа. Иймээс байгаль орчин, ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлж байгаа”-г тодотгосон юм. Мөн, хувийн хэвшил нь ногоон шийдлийг хэрэгжүүлэх, ногоон төслүүдэд хөрөнгө оруулах чухал үүрэгтэйг тодорхойлсон билээ.

 

Хөгжиж буй орнуудад жил бүр 100 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байсан бол одоо 3.5 дахин их буюу 350 тэрбум долларыг жил бүр зарцуулахаар баталснаар ногоон эдийн засаг, ногоон технологи руу шилжих боломж нэмэгдэж байна. Ногоон эдийн засаг руу чиглэхэд зөв төлөвлөгөө, бодлоготой, ухаалаг ажиллаж чадвал Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нэлээд их хэмжээний хөрөнгө орж ирэх боломжтойг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тус форумын дараа өгсөн яриандаа тодотгож байсан юм.

 


Харин Монгол Улс өнөөдөр олон улсын түнштэйгээ хамтран уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэх, ногоон ажлын байр, тогтвортой ирээдүйг хурдацтайгаар бий болгох талаар ярилцах шаардлагатайг Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт болон Иргэний нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жавхлан “COP-ийн дараах: Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” хуралдаан дээр онцлоод, олон улсын Элчин сайд нарт хандан, Австрали, Европын Холбоо, Итали улс Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд хэрхэн тусалж болох, хувийн хэвшил олон улсын хамтын ажиллагаанд ямар хувь нэмрээ оруулж болох гэхчлэн хэд хэдэн чухал асуулт тавьсан юм.

 

“COP-ийн дараах: Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” хуралдааны панел хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт нь бүх салбарт хамааралтай учир оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, бодлого үйл ажиллагаа, Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй учир хөрөнгө оруулалтыг нэмэх, төрийн албанд ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл сул байгаа тул боловсон хүчний тогтвортой байдал, чадавхыг тасралтгүй сайжруулах шаарлагатайг онцолж байв.

 


“Эдгээр асуудлыг шийдэхэд хамгийн түрүүнд оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхой болгох, төр бүгдийг хийх бус хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагыг татан оролцуулахад анхаарах нь зүйтэй”-г БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хурлын үеэр тэмдэглэсэн юм.

 

Манай улсын хувьд эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар нь хүлэмжийн хий, байгаль орчны доройтлыг ихээр үүсгэж байгаа гэж үздэг. Эдгээрийг байгаль орчинд хал багатай, ногоон салбар болгон хөгжүүлэх нь чухал байгаа юм.

 

Тухайлбал, банкны салбараас олгож буй зээлийг ногоон бизнесийг дэмжихэд чиглүүлэх үүрэг амлалтыг авсан билээ. Банкны салбарын нийт зээлийн 1 хувь нь ногоон зээл байсан бол сүүлийн 2 жилд 3 хувь хүртэл нэмэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгохыг зорьж байгаа.

 

Мөн, байгаль орчны салбарын санхүүжилтийг нэмдэг олон улсын шилдэг туршлагыг Монголдоо нэвтрүүлж байна. Жишээ нь Олон улсын байгаль хамгаалах сантай хамтраад, Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр “Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр” жишиг тогтолцоог дотооддоо бүрдүүллээ. Одоогоор, олон улсын хөрөнгө оруулагчдаас буцалтгүй тусламж хэлбэрээр 70 гаруй сая ам.доллар төвлөрүүлээд байна. 2030 он гэхэд нэмэлтээр 100 гаруй сая ам.долларыг төвлөрүүлэх бололцоотой гэж үзэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

 




 

Холбоотой мэдээ