Гү Эйлин Азийн өвлийн наадамд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-02-04 17:20:33

ХАРБИН, 2025 оны хоёрдугаар сарын 4 /Xinhua/. Хятадын өвлийн Олимпын аварга Гү Эйлин Харбин хотноо удахгүй болох Азийн өвлийн IX наадамд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон тухайгаа өнөөдөр мэдэгджээ.


Тэрбээр Weibo нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, өнгөрсөн сард АНУ-ын Аспен хотод болсон 2025 Winter X Games” наадмын цанын чөлөөт гулгалтын тэмцээнд оролцох үеэрээ унасны улмаас “хүнд бэртсэн” бөгөөд саяхан бэлтгэлийн үеэр дахин бэртэл авсан тул ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрлээ гэсэн байна.


“X Games Aspen 2025 тэмцээний үеэр бэртсэний дараа тэнхэрч, дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохыг хичээсэн боловч харамсалтай нь бэлтгэлийн үеэр дахин бэртэл авлаа. Удаан хугацааны турш тэсэн ядан хүлээж байсан Харбины Азийн өвлийн наадамд оролцох боломжгүй болж байна. Хятадын бүх тамирчинд амжилт хүсье. Миний бие энэ улиралд тэмцээн уралдаанууддаа аль болох ойрын үед оролцож эхлэхийн тулд эмч нартайгаа сайтар зөвлөлдөж байна гэж 21 настай Гү Эйлин мэдэгджээ.


Харбины Азийн өвлийн наадмын нээлтийн ёслол баасан гарагт болох бөгөөд тэмцээн уралдаан хоёрдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.


Гү Эйлин 2022 оны Бээжингийн өвлийн Олимпоос эмэгтэйчүүдийн цанын биг-эйр, халфпайп төрөлд алт, слоупстайл төрөлд мөнгөн медаль хүртэж, нэг өвлийн Олимпоос гурван өөр төрөлд гурван медаль хүртсэн цанын чөлөөт гулгалтын анхны тамирчин болж байлаа.


Өнгөрсөн сард Гү Эйлин “X Games Aspen” тэмцээний үеэр бэртэхээсээ өмнө Швейцарын Лакс хотод болсон FIS Freeski дэлхийн цомын тэмцээнд слоупстайл төрөлд түрүүлжээ.

 


Холбоотой мэдээ