ХОВД: Залуусын хөгжлийн төвтэй болох санал уламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 5/МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүн амын 34.2 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 50.04 хувь, төрийн байгууллагын ажилтан албан хаагчийн 44.2 хувийг 15-34 насны 30 мянга гаруй өсвөр үe, залууc эзэлж байна.
Тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсох, бодлого боловсруулах, шийдвэрлэхээр “Залуучуудын оролцоо” төсөл хэрэгжүүлнэ. Төсөлд санал авах хэлэлцүүлэг энэ сарын 5-нд боллоо.
Залуусыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувиараа бизнес эрхлэгч залуусын төлөөлөл дээрх хэлэлцүүлэгт оролцлоо.
Ховд аймаг 17 сумтай.
Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ордонтой болох, сум бүр залуусын хөгжлийн төвтэй болох, сургалт зөвлөгөөн зохион байгуулах, залуусын урлаг, спорт, эрүүл мэндийг дэмжих ажил өрнүүлэх, залуусын гарааны бизнесийг дэмжих гэх мэт олон санал хэллээ.
Хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэж, төсөл боловсруулах ажлын багт уламжилна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.