Дэлхийн аварга С.Рамос Мексикт тоглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-07 09:12:10

МАДРИД, 2025 оны хоёрдугаар сарын 7 /ТАСС/.  Испанийн хамгаалагч Серхио Рамос Мексикийн “Монтеррей” клубтэй гэрээ байгуулсан тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Гэхдээ гэрээний хугацааг дурдаагүй байна. Өмнө нь спортын сэтгүүлч Николо Скира нийгмийн сүлжээнд бичсэнээр, Мексикийн клубт тоглох хугацаандаа Рамос жилд 4 сая еврогийн цалин авах ажээ. Тэрбээр 93 гэсэн дугаартай тоглох бөгөөд энэ нь 2014 онд Аваргуудын лигийн тэмцээний финалд “Атлетико” багтай хийсэн тоглолтын 93 дахь минутанд гоол оруулснаа бэлгэджээ.

Серхио 2024 оны зургаадугаар сард Испанийн “Севилья” багаас явснаасаа хойш чөлөөт агент болсон юм.


Өдгөө 38 настай тэрбээр 2005-2021 онд “Реал Мадрид” багт тоглохдоо Аваргуудын лигт 4 удаа, Испанийн АШТ-нд 5 удаа түрүүлж, Испанийн цомыг 2 удаа хүртэж байв. 2021-2023 онд Францын “Пари Сен Жермен” багт тоглохдоо тус улсын аваргаар 2 удаа шалгарчээ.


Түүний хамгийн том амжилт бол Испанийн багийн бүрэлдэхүүнд 2010 онд дэлхийн аварга, 2008 ба 2012 онуудад Европын хошой аварга болсон явдал юм.  

Холбоотой мэдээ