"Шастирт дүрслэгдсэн монголчууд" чимэглэл зургийн үзэсгэлэнг анх удаа дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Шастирт дүрслэгдсэн монголчууд” могол зургийн тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.
БНЭУ-ын Рампур хотын Раза номын санд эхээрээ хадгалагдаж буй 273 нүүр хуудас бүхий “Шастирын эмхэтгэл” судрыг цахим хувилбараар 2022 онд Чингис хаан Үндэсний музей хүлээн авчээ.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж хэлсэн үгэндээ, БНЭУ-ын Рампур хотын Раза номын сан нь маш эртний арвин цуглуулгатай. Монголын их эзэнт гүрний үе болон Ил хаант улсын үеийн монголын түүхэнд холбогдох Рашид ад-Дин “Судрын чуулган”зохиолын эх хувилбар бий. Энэ номыг Монголчууд оролцож бичсэн бөгөөд Чингис хаан түүний угсааны үе залгамжлагчид,тухайн үеийн Монголчуудын амьдрал ахуй, хаад язгууртны түүхийг харуулсан олон зураг багтсан. Эдгээр зургийг дэлхийн эрдэмтэд үзэхдээ нэг хэсэг нь Монголчуудын байлдан дагууллын үеийн Персийн зураг, нөгөө хэсэг нь Монголчууд монгол зургийн аргаар зурсан зураг гэж үздэг. Одоогоор номын эх хувь нь дэлхийн зургаан оронд хадгалагдан үлдсэн. Монголын эзэнт гүрэн Ил хаант улсын Өлзийт хааны үед бичигдсэн Судрын чуулганы нэг хувь чимэглэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд анх удаа гарч буйгаараа онцлогтой” гэв.
Мөн тэрбээр, номыг эхээр нь англи орчуулгатай хэвлэх эрхийг Чингис хаан Үндэсний музей авсан, удахгүй Монгол Улсад XIII-XIV зууны түүхийн хамгийн том сурвалжийн нэг Судрын чуулганы эх хувь хэвлэгдэж олон нийтийн хүртээл болно. Судрын чуулган нь Монголын нууц товчооны нөхвөр, түүнтэй дүйцэхүйц хэмжээний том тулгуур эх сурвалж. Үзэсгэлэнд дэлгэсэн миниатаур зургууд нь монголын түүхийн эх сурвалж гэсэн үг. Тэр үеийн эх сурвалжид эдлэл хэрэглэл, хаадын орд харш, хувцас хэрэглэл, идээ ундаа хөгжим бүжиг, олон зүйлийг тэмдэглээгүй ч гэсэн энэ чимэглэл зургаас бүгд харагддаг. Монголын түүхийн чухал үйл явдлыг илэрхийлсэн энэхүү үзэсгэлэнгээс хоёр улсын олон зуун жилийн түүхэн соёл иргэншил, соёлын харилцааны нэгээхэн хэсгийг харж болно гэдгийг тодотгов.
Энэтхэгт Перс хэлээр үлдсэн “Судрын чуулган” номын усан будгийн зургууд нь Монголын эзэнт улсын алтан ургийн хаадын түүхийг илэрхийлдэг. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Наренда Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Рампур хотын Раза номын сангаас XIII-XIV зууны Монголчуудын түүхийг өгүүлсэн ховор гар бичмэлийг захиалгаар хуулбарлуулан бэлэглэсэн аж.
Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд, хаад, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг тусгаж зурагт хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн уг гар бичмэл 80 гаруй чимэг зураг дүрслэлтэй аж.
Энэхүү үзэсгэлэнд 44 могол зургийг сонгон анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
Монгол зураг нь Энэтхэгийн Моголын эзэнт гүрний үед хөгжсөн уран зургийн өвөрмөц урсгал юм. Монголын урлаг нь Персийн зургуудын нөлөөгөөр хөгжсөн, өнгө будгийн өвөрмөц зохицолтой байдаг. Ихэвчлэн хаад, язгууртнууд, тэдний амьдрал, тулалдаан, байгалийн үзэсгэлэнг дүрсэлдэг байна.
БНЭУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Санжийв Кумар хэлэхдээ, “Энэтхэг, Монголын олон зуун жилийн түүхэн соёл иргэншил, соёлын харилцааны нэгээхэн хэсгийг энэхүү үзэсгэлэнгээр толилуулж байна. Үзэсгэлэнд дэлгэсэн зургууд Чингис хаан, түүний өвөг дээдэс, үе залгамжлагчдын Монголын Газан Ил хааны үе хүртэлх түүхийг дүрсэлсэн. XIII зуунд Газан Ил хааны хүсэлтээр Монголын түшмэл Рашид ад-Дин Фазлуллах Хамадани “Жами Аль-Таварих” буюу “Шастирын чуулган” хэмээх ном зохиожээ. Энэхүү эмхэтгэл нь хэд хэдэн хэсгээс бүрдсэн хоёр боть ном юм. Нэгдүгээр ботийн хоёрдугаар хэсгээс энд толилуулж байна. 1774 онд байгуулагдсан Рампур Раза номын сан ховор гар бичмэл, урлагийн бүтээлийн сан хөмрөгтэй. Тус номын санд араб, перс, санскрит, турк гэх мэт хэлээрх 17 мянга гаруй гар бичмэл, эртний 60 мянга гаруй хэвлэмэл ном хадгалагдаж байна” гээд үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй Энэтхэгийн Соёлын яамны харьяа Рампур Раза номын сан болон Чингис хаан Үндэсний музейн хамт олонд талархал илэрхийлэв.
Орчуулагч Ч.Бүрэнбаяр, “Би 2019-2023 он хүртэл Энэтхэгт ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажилласан юм. Тэр үед энэхүү номын сураг дуулж, номын эрэлд гарч Делигээс хойшоо 200 км Рампур хотод Раза номын санд хадгалаастай байгааг олж мэдсэн. Раза номын сан нь эртний номын сан юм билээ. Рашид ад-Дин өөрөө бичиж, зурсан энэхүү номын ихэнх хувь нь Перс, Иранд, Энэтхэгт нэг ширхэг байдаг. Би Энэтхэгт байхдаа номын сангаас энэхүү номыг олж Соёлын яам, Чингис хаан Үндэсний музейд хүлээлгэж өгсөн юм. Тэрхүү номыг том хэмжээгээр хэвлэхээр Чингисийн Үндэсний музейн захиралтай ярьж байна. Хэвлэх зөвшөөрлийг Раза номын сан болон Соёлын яамаас авсан” гэв.
Түүхэнд Судрын чуулганыг жүүд гаралтай, Исламын шашинд хожим орсон Ил хаан улсын Төрийн сайд асан Рашид ад-Дин 1316 оны хооронд Ил хаан Газаны зарлигаар Перс хэлээр бичиж эхэлснээр, хожмоо Өлзийт хааны үед дууссан гэж үздэг аж.