Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67a9743c58266.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийнхан Европын цуврал тэмцээнд амжилттай оролцож байна.
Өсвөрийн дэлхийн цом болон ДАШТ-д өрсөлдөх эрхийн оноо олгох энэхүү чухал тэмцээнээс манай тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны залуу мастер Н.Тэгш-Очир, 73 кг-ын жинд “Виннэр” дэвжээний тамирчин Б.Далайцэрэн алт, эмэгтэйчүүдийн 63 кг-д “Гүрү дожо” дэвжээний Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, Италийн Женова хотод төрийн дууллаа гурвантаа эгшилүүлэв.
Н.Тэгш-Очирын хувьд Итали, Франц, Их Британи, Испани, Монгол, Болгарын тамирчдыг ялсан юм. Харин Б.Далайцэрэн Итали, Швед, Хорват, Франц, Швейцар, Хорватын жүдочдыг буулган авчээ. Тэгвэл Х.Маралмаа “А” хэсгийг толгойлохдоо эхний тойрогт гоц мөргөж, улмаар Гүрж, Франц, Босни Герцеговна, Канад, Францын бөхийг ялж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болсон юм.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д “Хангарьд”-ын Б.Цолмон-Од, эмэгтэйчүүдийн 57 кг-д “Виннэр”-ийн М.Цэндбазар нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулжээ. Түүнчлэн хоёр тамирчин шагналт байрт шалгарсан бөгөөд багийн дүнгээр гурван алт, хоёр хүрэл, хоёр шагналт байртайгаар хоёрдугаар байрт шалгарсан байна.
Өсвөрийн жүдочдын оролцох дараагийн зогсоол энэ сарын 15, 16-нд Словакийн Саморин хотод болох Европын цомын нээлттэй тэмцээн байх юм.