ОУОХ-ны эсрэг IBA шүүхэд нэхэмжлэл гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67aadda681c14.jpeg)
ЖЕНЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /ТАСС/. Парисын Олимпын наадмын боксын тэмцээнд Алжирын тамирчин Иман Хелиф, Тайваний боксчин Лин Юйтин нарыг оролцуулахыг зөвшөөрсөн Олон улсын Олимпын хороог шүүхэд өгнө гэдгээ Олон улсын боксын холбоо /IBA/ мэдэгдлээ.
Тус холбоо шийдвэрээ тайлбарлахдаа, саяхан АНУ-ын
Ерөнхийлөгч Д.Трамп эмэгтэйчүүдийн тэмцээнд трансжендер тамирчдыг оролцуулахыг
хориглосон зарлиг гаргасныг дурдсан байна.
“Манай холбоо эмэгтэй боксчдыг
шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах тал дээр хатуу тууштай шударга байр суурь баримталж
байсныг АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг нотолж байна. Хоёр тамирчны эрхийг хассан
гэдгийг ОУОХ мэдсээр байж үл
тоомсорлон, Олимпын эрхийн
төлөөх тэмцээнүүд болон
Олимпын тоглолтод оролцуулснаар тэд эмэгтэй тамирчдын боломжийг булааж, алтан
медаль хүртсэн. Иймээс IBA-гийн
зүгээс ОУОХ-ны үйлдэлд албан ёсоор гомдол гаргаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Швейцарын хууль тогтоомжид
зааснаар, тэмцээнд оролцогчдын аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдэл ба эс
үйлдлийг шалгах шаардлагатай бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болох магадлалтай.
Бид мөн зохих гомдлуудыг Францын ба АНУ-ын прокурорын байгууллагад гаргана
гэдгээ IBA мэдэгдсэн байна.
ОУОХ-ны шийдвэр амжилтанд нь
нөлөөлсний улмаас хохирсон тамирчдад
хандан IBA-гийн тэргүүн Умар Кремлев хэлэхдээ, ОУОХ-ны удирдлага, тус хорооны
ерөнхийлөгч Томас Бахын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахыг уриалжээ.