Европын Холбоо хандив тусламжаа илүү чиглэсэн зорилготой болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-11 14:49:27

БРЮССЕЛЬ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /DW/. Орос-Украины дайн үргэлжилж,  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хатуу ширүүн шүүмжлэл хэлж буй энэ үед Европын Холбооны /ЕХ/ гадаад бодлогын зарчимд нийцүүлэн гадаад орнуудад үзүүлж буй олон тэрбум еврогийн тусламжийг хуваарилна гэдгээ Европын Комисс мэдэгдлээ.  


Тодруулбал, ЕХ-ны стратегийн ашиг сонирхлыг хангах, тухайлбал, холбоотон орнуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлэх, түүхий эдэд нэвтрэх боломжийг хангах, цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд өмнөхөөс илүү оновчтой чиглэсэн хэлбэрээр гадаадад үзүүлэх санхүүжилтийг хуваарилахаар төлөвлөжээ.


Bloomberg агентлагийн мэдээлснээр, баримт бичгийн төсөлд “ЕХ-ны ДНБ-ий 1 орчим хувийг эзэлдэг тус холбооны төсөв нь ногоон шилжилтээс эхлээд батлан хамгаалахын зардал гээд олон зүйлд зарцуулагдаж байна. Иймээс 2028-2034 оны 7 жилийн төсвийг оновчтой хуваарилах саналаа Европын Комисс ойрын үед танилцуулах гэж байна.


ЕХ бол гадаад улсуудад үзүүлдэг тусламжийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг донор бөгөөд 2023 онд 99 тэрбум долларын хандив тусламж үзүүлжээ. Харьцуулахад, АНУ гадаад орнуудад 72 орчим тэрбум долларын тусламж илгээсэн байна.  


Д.Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалд орсон даруйдаа Америкийн тусламжийг хуваарилдаг USAID агентлагийг татан буулгаж, гадаадад үзүүлдэг тусламжийг 90 хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргасан энэ үетэй давхцан Европын Комисс хандив тусламжийг оновчтой болгох төлөвлөгөөгөө боловсруулж байна.   

Холбоотой мэдээ