“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнд 30 гаруй төрлийн шатар дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-11 17:08:24

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  XVII  жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан болж байгаа “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлээ.


Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Үндэсний музей, Дуут урлал ХХК, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нээж үг хэлсэн юм.


Тэрбээр "Шатар бол Монголын өв тээсэн үнэ цэнийн салшгүй нэг хэсэг. Шатар Монголоос үүсэн, Арабаар дамжиж, Европт тархсан гэх эх сурвалжууд бий. Мөн, Английн эрдэмтэн "Хүннүчүүд МЭӨ 400-450 оны үед шатар тоглож байсан"-ыг баталсан байдаг. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших "Шатар чулуу" буган чулуун хөшөөн дурсгал 3 мянган жилийн түүхтэй. Монгол овогтны нэг шатарчин хааныг өөд болоход энэ газар оршуулж, дурсгалыг нь мөнхлөн, шатар чулуун хөшөөг босгосон гэх домог бий. Үүнийг нотлох сүг зураг, сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, монгол шатрын дүрс хэлбэртэй янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд ч байдаг. Түүнчлэн 2200 жилийн өмнөх Хүннүгийн булшнаас Монголын археологич бэрс гэдэг домгийн амьтны дүрсийг алтан зоосон дээр цутгасан олдвор олсон. Бэрсийг Европт хатан гэж нэрлэдэг. Энэ мэт шатар Монголоос үүсэлтэй гэх түүх, дурсгалын баримтууд байна. Монгол шатарт л зөвхөн хамгийн хүчирхэг дүрсийг бэрс гэж нэрлэдэг" хэмээлээ. 


Тус үзэсгэлэнд түүх, соёлыг харуулсан “Чингис хаан”, “Нүүдэлчин Монгол”, “Монгол наадам”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 загвар шатрыг дэлгэжээ. Энд алт, мөнгө, цайр гэх мэт металлаар хийсэн, МЭӨ үеийн хадны сүг зураг, буган чулуун хөшөөг дүрсэлсэн бүтээлээс авахуулаад эрийн гурван наадмыг дүрсэлсэн шатар ч байна. Тухайлбал, "Бөртэ чоно Гуа марал" бүтээлд эрэгтэй, эмэгтэй хүний онцлогийг харуулахын тулд Бөртэ чоно галыг, Гуа марал цэцэг барьж байгаагаар дүрсэлжээ.


"Дуут урлан" ХХК-ийн захирал Д.Баярхуяг үзэсгэлэнгийн онцлох бүтээлийг тайлбарлахдаа, "Энд байгаа бүтээлүүд өөр өөрийн онцлогтой ч урлаачдын хувьд “Атилла хаан” загвар шатар нь маш өвөрмөц. Бид Чингис хаанаас хойших бага хаадын үе, эсвэл түүнээс дээших үеийг сайн мэдэх боловч Хүннүгийн үеийн түүхийн талаарх мэдлэг бага.

Энэ бүтээлдээ Хүннүгийн хаан Атиллагийн байлдан дагуулалт, түүний бусад улсад хийсэн соёлын солилцоог онцолсон. Ингэхдээ Ромын  дайчид, Хүннүгийн цэрэг эрсийг дүрсэлсэн. Энэ бүтээлээ зэс, цайраар цутгаж, алт, мөнгөөр бүрж хийсэн" гэв.


Үзэсгэлэнд дэлгэсэн өвөрмөц бүтээлүүдийн нэг нь мөнгөөр урласан "Цагаан өвгөн Цэрэндүг" юм. Энэ нэр "Зургаан урт настан" гэсэн утгатай төвөд үг бөгөөд Мөнх сүндэрлэх уул, мөнхөд урсах рашаан, мөнх наслах хүн, мөнх наст гөрөөс, шувуу, мөнхийн наст мод гэсэн зургаан зүйлийг бэлгэддэг. Цэрэндүгийг залж тахисан айл урт удаан, аз жаргалтай, энх амгалан оршдог гэсэн бэлгэдэлтэй  аж. 


Мөн цацлын халбаган дээр таван хошуу мал гэхчлэн янз бүрийн дүрслэлийг мөнгө, алтаар бүрж дэлгэжээ. Толгойн гоёл, идээний цар, халбага сэрээ, савх гээд чамин хийцтэй бүтээлийг үзэх боломжтойгоос гадна өөрт таалагдсаныгаа худалдан авах боломжтой. 




“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн ирэх сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Холбоотой мэдээ