Улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67aeb09eb7696.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Халх Нөмрөгийн Буриад хошууны 100, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно.
Энэ нь сар шинийн барилдааны өмнө болж буйгаараа онцлогтой. Барилдаанд түрүүлсэн бөх найм, үзүүрлэсэн нь тав, их шөвөгт шалгарвал хоёр сая төгрөгийн бай шагнал гардах юм. Түүнчлэн бөхчүүд, үзэгчдийн дундаас таван азтан тодруулж Монгол Улс Тод манлай уяач, гавьяат малчин Т.Батзориг, алдарт уяач Г.Ганчулуун, Б.Батсайхан нарын адуун сүргийн хурдан удмын адуугаар мялаах ажээ.
Д.Цогзолдоржийн хувьд 1999 онд Дорнод аймгийн баяр наадамд үзүүрлэж заан, 2000 оны Бүх цэргийн наадамд түрүүлж арслан цолонд хүрсэн бол дараа жил дахин түрүүлснээр хурц чимэг хүртсэн түүхтэй. Улмаар 2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Ду.Батбаяраар дөрөв, заан О.Одгэрэлээр тав давж улсын начин цолны босго давсан юм. Ингэснээр Цагаан-Овоо сумаас төрсөн хоёр дахь цолтон болов. Үүнээс өмнө гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир улсын цол авч байсан билээ.