Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Гуамыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-17 11:42:58

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан энэ сарын 20, 23-нд энэ оны ААШТ-д оролцох эсэхээ шийдэх тун чухал хоёр тоглолтод оролцоно.


Эхлээд энэ сарын 20-нд Гуамын талбайд зочлон тоглох бол 23-нд Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авах юм. Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Монголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгална. Өөрөөр хэлбэл, эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт орсон багтай хийнэ гэсэн үг. Харин үүнээс бага оноогоор хожих, эсвэл хожигдвол манай шигшээ багийн аялал энэ хүрээд өндөрлөх юм.


Тэгвэл Монголын шигшээ баг чухал тоглолтоо хийхээр Гуамыг өнөөдөр зорилоо. Багийн ерөнхий дасгалжуулагч Фрагкиас Василойс 18 тамирчныг анх цугларалтад дуудсан. Улмаар бэлтгэлийн дараа О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр, Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Г.Болор-Эрдэнэ нарыг Гуамтай тоглох тоглолтод авч явжээ.


“С” хэсгийг одоогоор Япон тэргүүлж, Хятад удаалж байгаа Гуам тав, Монгол дөрвөн оноотой явна. Хэрэв Монгол Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болно. Улмаар хоорондын тоглолтын үр дүнг харгалзах ажээ. Гуамын шигшээ баг өнгөрсөн онд Монголыг талбайд нь 74:63-аар хожсон. Тиймээс 12 болон түүнээс дээш оноогоор заавал хожих хүндхэн даалгавартай нүүр тулав.


Ташрамд сонирхуулахад, энэ сарын 23-нд “Юү Жи Арена”-д болох Монгол, Японы шигшээ багийн тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. 

Холбоотой мэдээ