Дэлхийн аварга Б.Спасский таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 28 /rbc.ru/. Дэлхийн 10 дахь аварга, нэрт шатарчин Борис Спасский 88 насандаа Москва хотноо таалал төгссөн тухай Оросын Шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов мэдэгдлээ.
Б.Спасский 1937 онд Ленинград хотод төрж, 5 настайдаа шатар тоглож сурчээ. Бухарестад 1953 онд болсон олон улсын тэмцээнд анх удаа оролцож, олон улсын мастерын болзлыг хангасан бол 1955 онд Зөвлөлтийн шатарчдаас анх удаагаа залуучуудын ДАШТ-нд түрүүлж, улмаар их мастерын болзлыг биелүүлжээ.
Тэрбээр 1969 онд Тигран Петросяныг хожсоноор дэлхийн аварга болсон бөгөөд 1972 онд Рейкьявик хотноо аварга цолоо хамгаалах тоглолтонд Америкийн шатарчин Роберт Фишерт хожигджээ.
Спасский 1961 ба 1973 онуудад ЗХУ-ын аваргаар хоёр удаа шалгарсан байна. Мөн Зөвлөлтийн шигшээгийн бүрэлдэхүүнд Дэлхийн шатрын олимпиадад оролцохдоо 6 удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр 1973 онд Францын ЭСЯ-ны
ажилтантай гэрлэж, тус улсад амьдрахаар явсан бөгөөд 1984 ба 1986 онуудад
Дэлхийн шатрын олимпиадад Францын шигшээг ахлан оролцож байв.
1990-ээд оноос Спасский томоохон
тэмцээнүүдэд оролцохоо больж, 2012 онд ОХУ-д буцан ирж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцож байлаа. 2018 онд түүнийг Оросын шатрын
холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгожээ.
Тэрбээр шатарчны замналдаа олон
улсын 60 гаруй тэмцээнд оролцож, 19 удаа тэргүүн байрыг эзэлсэн юм.
Өнөөдөр Монакод Олон улсын шатрын
холбооны /ФИДЕ/ ивээл дор болж өндөрлөсөн эмэгтэйчүүдийн цуврал Гран-При тэмцээний хаалтын ёслолын үеэр нэг минут
дуугүй зогсож, дэлхийн 10 дахь аварга Борис Спасскийгийн гэгээн дурсгалыг
хүндэтгэнэ гэж ФИДЕ-гийн хэвлэлийн алба мэдээллээ.
“Өөрийн эрин үеийн хамгийн авьяаслаг тоглогчдын нэг
болох Б.Спасский 88 насандаа таалал төгслөө. Тэрбээр шатрын гоц авьяастан
байсан бөгөөд 18 насандаа их мастерын болзлыг биелүүлж, дэлхийн аваргатай
өрсөлдөх шатарчныг шалгаруулах тэмцээнд 19 насандаа оролцож байлаа” гэж
ФИДЕ-гийн мэдэгдэлд дурджээ.