СЭЛЭНГЭ: Аймгийн гоц мэргэн цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-10 11:59:41

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн баяр наадмын үндэсний шагайн харваанд эхний гурван байрт таван удаа шалгарсан П.Баатарцэрэн, Ж.Батнасан, О.Халиун, Э.Эрдэнэбат, А.Ууганбаяр нарын харваачдад аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн гоц мэргэн цол” олголоо.

 

“Сар шинийн харваа-2025” шагайн харвааны нээлттэй тэмцээний үеэр дээрх харваачдад тус цолыг олгосон юм. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт энэхүү тэмцээнийг энэ удаа ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.

 

Тус харваанд 32 багийн 256 харваач оролцож, онч мэргэнээ сорьжээ.

 

Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Шагайн харвааны “Баянхан” холбоо хамтран зохион байгуулсан байна.

 

Сэлэнгэ аймгийн шагайн харвааны спортын мастер М.Цэвээн-Очир ахлагчтай баг 1992-1999 онд улсад 5 удаа түрүүлж, нэг удаа удаалж, нэг удаа гутгаар байрт шалгарч байжээ.

 

Тус багаас спортын мастер М.Цэвээн-Очир багийн ахлагч, спортын мастер Ч. Батмөнх, Д.Пүрэв, Х.Баатаржав, Д.Баттөр, Д.Цогтбаатар, спортын дэд мастер Ш.Цэрэнваанчиг зэрэг мэргэчүүд төрөн гарчээ.


Холбоотой мэдээ