Лос-Анжелесын түймрийн улмаас даатгалын компаниуд ихээхэн алдагдал хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 11 /France24/. АНУ-ын Лос-Анжелес хотод гарсан ойн түймрийн улмаас “Lloyd's of London” даатгалын групп энэ оны эхээр нийт 2.3 тэрбум ам.долларын санхүүгийн хохирол амссан гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Нэгдүгээр
сард гарсан түймрийн үр дагаврыг
үнэлэх ажил үргэлжилсээр байна гэж тус группийн санхүүгийн захирал Бурхард Кисийн мэдэгдэлд дурдсан байна. Лос-Анжелесын
эргэн тойронд гарсан түймэр гурван долоо хоногийн турш үргэлжилж, олон мянган оршин суугч гэр орноо орхин нүүхээс өөр аргагүйд хүрч, олон
мянган барилга байгууламж шатаж сүйдсэн юм. Байгалийн гамшгаас учирсан нийт
хохирлын хэмжээ 250-275 тэрбум ам.долларт хүрсэн гэж цаг уурын “AccuWeather” фирм тооцоолжээ.
“Lloyd's
of London”-ы даваа гарагт нийтэлсэн санхүүгийн тайланд дурдсанаар, 2024 онд татварын өмнөх ашиг
11.4 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос бага зэрэг буурсан байна. Германы
давхар даатгалын “Munich Re” компанийн хувьд түймрийн улмаас 1.2 тэрбум евро буюу 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ өнгөрсөн сард зарлажээ. Тухайн
үед тус компани “даатгалын
салбарын түүхэнд ойн түймрийн улмаас хамгийн их хохирол амссан” тухай мэдээлж байлаа. “Munich Re” ийм төрлийн байгалийн гамшгаас гарах зардлыг нөхөхөд маш сайн бэлтгэгдсэн
бөгөөд нөхөн олговор нь боломжит хэмжээнд байгаа тохиолдолд ойн түймрээс цаашид үргэлжлүүлэн даатгах болно
гэж мэдэгджээ.