С.Доменикали Формула-1-ийг дахин удирдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕЛЬБУРН, 2025 оны гуравдугаар сарын 13 /AFP/. Стефано Доменикали 2029 он хүртэл “Формула-1” группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ. Австралид болох 2025 оны улирлын нээлтийн тэмцээний өмнөх өдөр түүний гэрээг сунгасан байна.
2021 онд уг албан
тушаалд томилогдсон Италийн иргэн С.Доменикали уралдааны
нэр хүнд, эрэлтийг өсгөж, дэлхийн
өнцөг булан бүр дэх хөгжөөн дэмжигчдийн тоог нэмэгдүүлснээр бизнесийн хүчирхэг өсөлтийг бий болгоход
чухал үүрэг гүйцэтгэжээ.
С.Доменикали бол 2017 онд “Liberty Media” компани Формула-1-ийн уралдааны эрхийг авснаас хойш уг группийн удирдах албан тушаалд томилогдсон хоёр дахь хүн юм. Түүний өмнө Чейк Кэри уг албан тушаалыг хашиж байв.
“Liberty Media” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дерек Чан мэдэгдэхдээ, бид Стефаногийн гэрээг сунгаж байгаадаа баяртай байна, мөн түүнийг Формула 1-ийн чадварлаг удирдлагын багтай олон жилийн турш хамтран ажиллаасай хэмээн хүсэн хүлээж байна гэлээ. “Стефано бизнесийг амжилттай удирдан чиглүүлж, арилжааны болон хөгжөөн дэмжигчдийн үзүүлэлтийн хувьд хурдацтай өсөлтийг авчирсан” гэдгийг тэрбээр онцолсон байна.
“Феррари” багийн ахлагч асан, 59 настай С.Доменикали хэлэхдээ "энэхүү албан тушаалыг үргэлжлүүлэн хаших нь нэр төрийн хэрэг" гэдгийг онцлоод, хийж байгаа бүхний маань гол утга учир болсон шүтэн бишрэгчдийнхээ төлөө үргэлжлүүлэн хүчин зүтгэх болно хэмээн мэдэгдлээ.