БАЯНХОНГОР: Нэгдсэн золголтын нээлттэй барилдаанд Э.Батмагнай түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-13 18:00:40

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нэгдсэн золголт Улаанбаатар хотод Монгол бөхийн өргөөнд болж, улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдааныг зохион байгууллаа.


Бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" сдорт хороо, "Эм Си Эс" групп, Богд банк, "Хос хаш оюу" ХХК, "Гал хонгор" ХХК-ийн бөх, Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, "Бес Богда" дэвжээний бөх, Улсын заан Б.Серик үзүүрлэв. 


Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, "Нэгдэл" клуб, ЦЕГ, “Бадрах өглөө” ХХК, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл нар шалгарлаа. Харин шөвгийн наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Г.Ганжад, улсын начин Б.Лхагвадорж нар үлдсэн юм. 


Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардлаа.

Холбоотой мэдээ