БУЛГАН: Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган аймгийн өсвөр насны болон насанд хүрэгчдийн 2025 оны аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Баян-Агт сум 23, Баяннуур сум 6, Булган сум 14, Бугат сум 4, Бүрэгхангай сум 21, Сэлэнгэ сумын 32 нийт 100 хүүхэд 5 насны ангилалд оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө
Тэмцээнийг “Цогт хүү” даамны холбоо санаачлан зохион
байгуулж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо,
Булган аймгийн 1990-1992 оны төгсөгчид мөн “Номин сан” ТББ хамтран зохион
байгууллаа.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Даамын спортын мастер А.Буянжаргал, шүүгчээр Даамын спортын мастер н.Дэлгэрбаяр, Даамын спортын мастер Т.Амгаланбаатар нар ажилласан байна.
Сайхан сумын Залуу жанжин Лхагвасүрэнгийн нэрэмжит ЕБС-ийн ахмад багш И.Чимэддоржийн үр хүүхэд 100 буудалт даамны Спортын мастер Ч.Болор-Эрдэнэчимэг, Ч.Оюун-Эрдэнэчимэг нар өсвөр насны 5 төрлийн 100 буудалт даамны тэмцээнийг ивээн тэтгэсэн байна.
Зуун буудалт даамны спортоор хичээллэснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар нэмэгдэх, IQ хөгжих, шийдвэр гаргах математик сэтгэлгээ хөгжих, тогтвортой суух чадварт суралцах давуу талтай юм.