ДАРХАН-УУЛ: Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх сарын аян эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран “Эх оронч Дарханыхан” аяныг эхлүүллээ.
Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, хэлэлцүүлэг, техникийн үзэсгэлэн, "Эх орон танаа" хүндэтгэлийн тоглолт, соёл, урлаг, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд баярын жагсаал, техник, танин мэдэхүйн үзэсгэлэн толилууллаа. Мөн дээрх байгууллагуудын дунд зохион байгуулсан есөн төрөлт цогцолбор тэмцээний аваргуудад шагнал гардууллаа.
Мөн энэ онд 18 нас хүрсэн залууст цэргийн үүрэгтний үнэмлэх батламж гардуулах үйл ажиллагааг Цэргийн штабаас зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагын болон орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэв.
Батлан хамгаалах салбар 2025 оныг “Эх
оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. “Батлан хамгаалах тогтолцоонд
сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний
сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” зорилготой бөгөөд энэ
хүрээнд аймгийн хэмжээнд уг сарын аяныг өрнүүлэхээр болжээ.











