ОРХОН: Морин хуур урлаач бэлтгэх шавь сургалт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, морин хуур урлаач, МУСТА Ч.Энх-Отгон эх орныхоо баруун хязгаар луу хөлгийн жолоо заллаа.
Морин хуур урлаач Ч.Энх-Отгон Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймагт морин хуур урлаач бэлтгэх шавь сургалтыг хийх юм.
Тэрбээр дээрх таван аймагт тус бүр 14 хоног байрлаж, нэг шавьдаа морин хуур урлалыг сургаж, сертификат олгох юм. 14 хоногийн хугацаандаа тус бүр хоёр морин хуурыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор хамгийн ховор морин хууртайд тооцогдож байгаа Баян-Өлгий аймгийн театрт нэг морин хуураа дурсгал болгон өгөхөөр төлөвлөөд буй юм.
Урт холын аянд мордож буй өвлөн уламжлагчаа Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олон үдэж, аян замыг нь ерөөлөө.