УВС: Аймгийн газар нутгийн 23.4 хувь нь улсын тусгай хамгаалалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-21 16:41:55

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Увс аймаг 1993 оноос 2020 он хүртэл 11 газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулсан нь аймгийн газар нутгийн 23,4 хувийг эзэлж байна.


Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа нь Улаангом суманд байрлаж Увс нуурын Дархан цаазат газар 441223 га, Түргэн уулын ДЦГ 130473 га, Цагаан шувуут уулын ДЦГ 33304 га, Ачит нуурын Байгалийн цогцолборт газар БЦГ211552,82 га газрыг харъяалж, нийтдээ 816552,82 га талбайг хариуцан ажилладаг.


Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа нь Өндөрхангай суманд байрлаж, Алтан элсний ДЦГ 150244 га, Хан хөхийн нурууны БЦГ 221598 га, Хяргас нуурын БЦГ 341301 га газрыг харьяалж, нийтдээ 713143 га талбайг хариуцан ажилладаг.


2016-2020 онд 44 газрыг аймаг, сумын орон нутгийн хамгаалалтад оруулсан нь аймгийн газар нутгийн 25,7 хувийг эзэлж байна.


Үүнээс гадна Хан Хөхийн нурууны баруун хойд хэсэг Мөнгөт орчмын ус бүрэлдэх эхийн 7174.2 га талбайг орон нутгийн хамгаалалтад авах зураглал, үндэслэлийг боловсруулж, Наранбулаг сумын ИТХ-ын тогтоол гаргуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд бүртгүүлээд байна.

   

Ташрамд, Увс аймагт уул уурхайн ашиглалтын 44 тусгай зөвшөөрөл, 71 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд энэ нь аймгийн газар нутгийн 4,13 хувийг эзэлдэг ажээ. Одоогийн байдлаар нүүрсний 3 уурхай, давсны 1 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ