Гретцки, Овечкин нарын гоолын зөрүү 6 боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-21 17:40:53

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 21. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин өөрийн талбайд “Филадельфия Флайэрз” багтай хийсэн тоглолтод шайб орууллаа.


Ингэснээр тус лигт анхнаасаа 8 дугаартай тоглож буй тэрбээр 888 дахь гоолоо оруулснаар NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 6 шайб оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм.


Энэ удаагийн тоглолтод вашингтончууд 3:2 харьцаагаар хожсон бөгөөд Овечкиноос гадна Брэндон Дюхейм (22), Эндрю Манжапане (32) нар гоол оруулсан байна. Харин өрсөлдөгч багийн Райан Пёлинг (46), Шон Кутюрье (58) нар шайб орууллаа.


А.Овечкин энэ улиралд 35 дахь гоолоо оруулснаар ийм тооны гоолыг 15 улирлын тэмцээнд оруулж, шинэ өвөрмөц дээд амжилт тогтоосон байна. Хоёрдугаарт, “Вашингтон” багт 1979-1989 онд тоглох хугацаандаа 14 улиралд ийм амжилт үзүүлсэн Майк Гартнер бичигдэж байгаа юм.


NHL-ийн аварга шалгаруулах тэмцээн дуусах хүртэл 13 тоглолт хийх үлдээд буй энэ үед “Вашингтон Кэпиталз” баг нийт 69 тоглолтонд 100 оноо авснаар Нийслэлийн дивизионд тэргүүлж байна. Одоо вашингтончууд 23-нд шилжих шөнө “Флорида Пантерз” багийг талбайдаа хүлээн авч тоглоно. 

Холбоотой мэдээ