Нэг иргэн, нэг компанийн төлөө дуугардаг Засгийн газар байх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-27 17:50:40

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын 16 сайдын хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна. 

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлыг удахгүй томилно

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдсан асуудал сүүлийн үед нийгмийн анхааралд ороод байна. Энэ талаар Засгийн газар ямар дүгнэлт гаргасан болон ямар байр суурь барьж байгааг тоймлон хэлэхгүй юу?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газрын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудалд эрх хүрээнийхээ хэмжээнд бүх шийдвэрүүдээ гаргасан. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр Засгийн газар гаргасан. Мөн эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэх, худалдаж авсан эх үүсвэр нь хууль ёсных эсэхийг тогтоолгохоор хуул хяналтын байгууллагад хандсан. Энэ бүхэн нь Засгийн газрын түвшинд гаргаж болох бололцоотой бүхий л шийдвэрүүд гэсэн үг. Бид ТУЗ-өө байгуулсан. Гүйцэтгэх захирлыг удахгүй томилно.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа бүрэн бүтнээрээ хэвийн явж байгаа. Ямар нэг зүйлийг нь зарж борлуулаагүй. Татвар төлөлтийн асуудалд судалгаа хийхэд өмнө нь татварын урьдчилгаа нэрээр өмнөх онд нь авсан байсан нь орлогын хэмжээ буурсан харагдаж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурснаас Эрдэнэтийн борлуулалтын хэмжээ буурсан. Түүнээс “Эрдэнэт үйлдвэр” хэвийн ажиллаж байгаа.

-“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлыг томилохдоо ямар шалгуур тавьж байна вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ажлын туршлага, мэргэжил гэх мэт шалгуур тавьж байна. Хэнийг томилсон гэдгийг томилогдсоных нь дараа хэлэх нь зөв байх.

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан. ОХУ-ын тал Монголын аж ахуйн нэгжид өөрийн эзэмшиж байгаа 49 хувийг худалдсанаар хүчингүй болсон харилцаа үүссэн. Засгийн газрын 6 дугаар сарын 13-ны тогтоолоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах гэрээнээсээ татгалзахдаа УИХ дээр зөвшилцөх ёстой байсан үндэслэл хийгдээгүй байна гэж ажлын хэсэг дүгнэлтдээ мэдэгдсэн.

Эрхзүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах ёстой

-Гадаад улсын банк оруулж ирэх асуудал их яригдаж байгаа. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлээч?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Би ажлаа авсныхаа дараа бүх салбарын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзсан. Тухайн салбарт ямар бэрхшээлтэй асуудал байна, эрхзүйн орчноос шалтгаалсан ямар асуудал  байна гэхчлэн ярилцаж байж, бид ажлаа төлөвлөсөн байгаа. Хууль эрхзүйн орчноо тодорхой салбарууд дээр сайжруулах, журмуудаа цэгцлэх зэргээр  олон санал санаачлагыг хувийн хэвшлийнхэн гаргасан. Бүх салбарын уулзалтууд дээр гадны банк оруулж ирэх санаа яригдлаа. Гэхдээ бид энэ асуудлыг бодож үзэх хэрэгтэй. Ямар байдлаар оруулж ирэх ёстой юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Монголдоо үйл ажиллагаа явуулж буй 13 банк шиг шууд явуулчихаж болохгүй. Өөрөөр хэлбэл, эрхзүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах ёстой. Энэ чиглэлд ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэж,  Засгийн газраас шийдвэрээ гаргаад явна.

-Эдийн засгийн хямралыг даван туулахад 18 сар шаардлагатай гэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ авах вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Нийт 2 бүлэгтэй 60 гаруй арга хэмжээ тусгасан. Нэгдүгээр хавсралтад хууль эрх зүйн орчныг өөрчлөх, хөрөнгө оруулалтыг сэргээх, хоёрдугаар хавсралтад  60 гаруй арга хэжмээ байгаад олон төслийг эхлүүлэх талаар тусгасан. Тухайлбал Тавантолгой, түүний төмөр зам, цахилгаан станц, Гацуурт төслийг эхлүүлэх, Оюутолгойн төслийн 2 дугаар  ээлжийг эрчимжүүлэх талаар тусгасан. Ирэх оны хавар гэхэд бэлтгэн, 5-6 том төсөл эхлүүлж, 2018-2019 онд 60-аад арга хэмжээг явуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг огцом нэмнэ. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг татах, сэргээх, эрх ашгийг хамгаалах шаардлагатай.

-Олон Улсаас авах зээлийн тухай мэдээлэл өгөөч. Хэдэн төгрөгийн зээл хаанаас авах гэж байна вэ? 

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-тай бид хэлэлцээр хийгээд эхэлсэн. Одоо төлөөлөгчид ирчихсэн 11 дүгээр сарын 4 хүртэл ажиллаж байна. Энэ баг буцсаны дараа 12 дугаар сарын эхэнд ОУВС-ийн Ажлын хэсэг ирэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар эцэслэж тохирно. Энэ хэлэлцээрийн нэг хэсэгт хөрш орнуудаас хөгжлийн зээл авах саналыг Засгийн газар тавьж байгаа. БНХАУ-д УИХ-ын дарга айлчлах үеэр тус улсаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Хоёр хувиас дээшгүй хүүтэй, 20 жилээс доошгүй хугацаатай зээлийн хүсэлтийг ганц БНХАУ бус ОХУ, Япон зэрэг бидэнд элэгтэй улс оронд зээл авах хүсэлт тавихаар гарцаагүй байдалд ороод байна.

-Валютын ханш өнөөдөр 2360 төгрөгт хүрээд байна. Ханшийг бууруулахад ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 онд нэгдсэн төсвийн алдагдал 18 хувь, 2017 онд 9.9 хувьтай байхаар төсөл өргөн барьсан. Төсвийн алдагдлыг 2018 оноос 7.5, 2019 оноос 5.5, 2020 он гэхэд алдагдлыг тэглэх зорилтыг Засгийн газар барьж байна. Засгийн газраас 9 дүгээр сарын 28-нд Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулаад ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, өнөөдөр УИХ-д өргөн барьлаа. Хэрэв энэ хөтөлбөрийг эхний 18 сарын хугацаанд хэрэгжүүлбэл Монголбанктай хамтран ам.долларын ханшийг буулгах боломжтой.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ам.долларын ханш өссөн шалтгаан нь өмнө нь “Сайн” нэртэй хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд маш их мөнгийг хэвлэж, зах зээлд оруулснаас үүсэлтэй. Тиймээс маш яаралтай эдгээр хөтөлбөрийг зогсоож, Мөнгөний бодлогыг Монголбанк өсгөснөөр энэ төвшинд ам.долларыг барьсан. Үүнээс ч илүү өсч болзошгүй байсан. Цаашид ханшийг буулгахад шат дараатай арга хэмжээ авна.

Монгол Улс гадаад сурталчилгаандаа анхаарахгүй байгаа нь үнэн

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээллүүд цөөнгүй гарч байна. Тиймээс бүх сайд нар байгаа дээр хэлэхэд Монгол Улсын гадаад сурталчилгааг анхаарч, гадаадад мэдээлэх мэдээлэлдээ түлхүү анхаарах хэрэгтэй байна. Үүний холбогдуулж асуухад Хөрөнгө оруулагчдын зөвлөл одоо ямар ажил хийж байна вэ?

-ЗГХЭГ-ын дарга Мөнхбат: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ЗГХЭГ-ын дэргэд байгуулагдсан. Бид Дэлхийн банк болон олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулж байсан хөрөнгө оруулагчдын 60 хувь нь хаалгаа барьсан. Тиймээс бид 3 зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр төсөл боловсруулан ажиллаж байна. Мөн гомдолтой байгаа хөрөнгө оруулагчдын саналыг хүлээн авч, барагдуулаад явж байна. Тухайлбал, Сая Ерөнхий сайдыг Японд айлчлал хийж байхад Японы Ерөнхий сайд талархал илэрхийлсэн. Нэг сая гаруй ам.долларын ажил хийгээд мөнгөө авч чадахгүй байсан асуудлыг шийдсэн. Ер нь өмнө  хөрөнгө оруулагчдын гомдол санал хаана ямар шатанд явааг төр бүртгэдэггүй байсан. Эцэстээ энэ нь арбитрын шүүх дээр очих дээрээ тулдаг байсан. Арбитрын шүүх дээр очиход нэг бол манай улс төлбөр төлөх болдог. Эсвэл өмгөөлөгчийн хөлс төлдөг, гуравдугаарт арбитрын шүүх хүртлээ явсан гадны хөрөнгө оруулагчид эргээд Монгол Улсад хөрөнгө оруулаад ажиллахад хүнд байдаг. Ийм байдлаас гарахын тулд тэдний эрх ашгийг хамгаалж ажиллаж байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Гадаад сурталчилгаа бидний зайлшгүй анхаарах асуудал. Өнөөдөр би ганц мэдээ өгөхийг хүсч байна. Дэлхийн “Lovely planet” байгууллагаас 2017 онд аялах орнуудыг сурталчилсан мэдээлэл өчигдөр гарсан. Үүндээ Монгол Улсыг аялвал зохих топ жагсаалтын 7 дугаарт оруулсан байна. Энэ жил бид жуулчдын тоог нэмнэ. Үүгээрээ дамжуулж аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа ажиллагсдыг 100 мянгад хүргэх зорилт тавиад байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Монгол Улс гадаад сурталчилгаандаа анхаарахгүй байгаа гэдэг бол үнэн. Гадаад сурталчилгаа, гадаад мэдээнд өөрсдийн онцлог, давуу талыг харуулсан мэдээлэл бэлтгэж чадаагүйгээс Монгол Улс гэдгийг мэддэг хүн цөөн байна. Үүнийг таниулсан ийм үйл ажиллагааг бид хийх ёстой.

      Төмөр зам үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа орлого олох бололцоотой салбар

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 51 хувийг Монголын төр эзэмшиж, 49 хувийг нь урд хөршийн Шинхуад зарахаар ярьж байна. Монголын төр төмөр зам барих санхүүжилтээ хэрхэн босгохоор төлөвлөж байна?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Тавантолгой төслийн хувьд өмнө нь Засгийн газрын зүгээс тендер, сонгон шалгаруулалт зарлаад, нэгдсэн компанийг нь шалгаруулсан. Засгийн газар өмнөх хэлэлцээр дээр байсан алдаануудыг залруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх зарчмыг барьж, зарим заалтыг оруулж, санал болгосон. Нөгөө тал зөвшөөрсөн тохиолдолд гэрээ үргэлжлүүлэн явна, зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ рүү орно гэсэн бодолтой байгаа. Төмөр замын эх үүсвэрийг босгох чиглэлээр дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн банк санхүүгийн байгууллага, улс орнууд ч байгаа. Тийм учраас үүнд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий. Төмөр зам гэдэг бол үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа орлого олох бололцоотой салбар. Орлогоо олоод, зээлээ төлөх бүрэн боломж бий гэж үзэж байгаа.

Төмөр зам болон Тавантолгойн ордыг цогцолбороор нь шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр бид нэг бол төмөр зам эсвэл Тавантолгойн уурхайг ашигтай ажиллуулах байнгын борлуулалттай байх бололцоог нь хаах нөхцөл үүсэх юм. Хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байж оролцоно. Гаргасан хөрөнгөө нөхөж авахын тулд үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Тиймээс энэ хоёрыг цогцолбор байдлаар явуулах нь зүйтэй.

Ирэх жилүүдэд төрийн өмчийн компани байгуулахгүй гэх үндэслэлгүй. Шаардлага үүсвэл байгуулна. Ер нь төр бизнесийн үйл ажиллагаа руу хэтэрхий хутгалдах хэрэггүй. Ингэвэл өөрөө төрийнхөө үндсэн чиг үүргээсээ гажих нөхцөл үүсдэг. Тиймээс миний хувьд цаашдаа төр бизнесийн үйл ажиллагаанд оролцоод байх шаардлагагүй гэж үздэг.

-Эрчим хүч үйлдвэрлэх, дотоодын нөөц бололцоогоо бүрэн хангах асуудал тулгамдаж байгаа. Энэ талаар?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл явж байгаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбарт маш олон хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлүүдтэй төсөл хөтөлбөр байсан. Нийтдээ 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улсын хэрэглээг 20 дахин нэмэгдүүлэх юм. Тухайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын тулд олон аж ахуй нэгж, иргэн хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан. Засгийн газрын бодлого тодорхой байх хэрэгтэй. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой. 

-Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлээс хямд гарж байна гэж шүүмжилж байгаа?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Гадаадад тонн нүүрс 200 ам.доллар, манайх 27 ам.доллараар зарж байна гэж ярьж байгаа. Судлаад үзэхээр 200 ам.долларын үнэ бол эцсийн хэрэглэгчид хүрч байгаа үнэ. Харин уурхайн аман дээрээс худалдаж байгаа үнэ бол 34 ам.доллар байгаа. Манайх хэрэв боловсруулаад тээвэрлээд хүргэвэл 200 ам.доллараар эцсийн хэрэглэгчид зарна.

-Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ?

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: БОНХАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн нэг гол ажил нь Парисын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсан явдал. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд нэгдэж байна. Парисын хэлэлцээрийг 2016 оны есдүгээр сард ээлжит бус чуулганаар батлуулсан явдал нь Монгол Улсад өнөөдөр олон улсын байгууллагатай хамтран зүтгэх үүрэг хүлээсэн, гэрийн даалгавраа хийж хэрэгжүүлэх боломж бололцоогоор хангагдаж байна. Парисын хэлэлцээрийг 11 дүгээр сарын 4-нөөс дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ. Хүлэмжийн хийг ялгаруулдаг 70 гаруй орон соёрхон батлуулах хуулиа шийдвэрлүүлж чадсан учраас энэ хэлэлцээр хурдан хугацаанд хэрэгжиж байна. Бидний амьдарч байгаа эх дэлхийгээ аюулаас хамгаалах шаардлага тулгарсан гэдгийг дэлхийн том гүрний Ерөнхийлөгч нар уриалаад, 100 тэрбум төгрөгийн санг байгуулсан. Энэ сангаас Парисын хэлэлцээрийг соёрхон батлахад оролцсон дэлхийн бүх улс орон санхүүжилт авах нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаанд оролцож, Парисын хэлэлцээрийг гардуулж өгсөн. Энэ үйл явцаас Монгол Улсын хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож иргэдээ амьдруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломж бий болно.

                              Ипотекийн зээлийг одоогийн хувилбараар явуулах боломжгүй

-Ипотекийн зээл олгогдох эсэх нь тодорхойгүй зогсчихоод байна. Ер нь хэдийнээс олгогдож эхлэх бэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Өмнөх хэрэгжүүлсэн хувилбараар цаашаа энэ зээл явах бол Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Одоо найман хувийн зээл огт зогсчихоогүй байна. Зээлийн сангийн эргэн төлөлтөөр орлогоор санхүүжих байдлаар ипотекийн зээл олгогдож байгаа. Тэгэхээр бид барилгын салбараа өнөөдрийн хямрлат байдлаас гаргахын тулд эргэн төлөлтийн сан дээр тодорхой хэмжээний эх үүсвэр нэмж олох шаардлагатай. Энэ эх үүсвэрийн хүү нь дөрвөн хувиас доошгүй байх шаардлага үүснэ. Ингэж байж, сангийн үйл ажиллагаа цааш үргэлжилнэ.

-Ипотекийн зээлийн санхүүжилт байхгүй гэж байсан. Хаанаас санхүүжүүлэх юм бэ?

-Зээлийн эх үүсвэрийг ганцхан урд хөршөөс хамаарахгүй. Энэ асуудалд дээр хэд хэдэн улс орон,  банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр 8 хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын төгсгөлд хэлэхдээ, “Би ямар нэг гоё сайхан нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гэхдээ надад эх орноо, эдийн засгаа гэх сэтгэл байна. Сайхан нэртэй хөтөлбөр эхлүүлэх боломж орон нутгийн сонгуулийн өмнө байсан. Даанч эдийн засаг чинь миний гоё нэртэй хөтөлбөрөөр хэрэгждэг боломжит зүйл биш юм. Ер нь бид цаашид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байж, иргэнээ ажилтай орлоготой байлгах юм. Сая Ж.Мөнхбат сайд хэллээ. Японы Ерөнхий сайд надтай уулзахдаа манай нэг компанид 1.4 сая ам.доллар өгөх ёстой юм билээ, түүнийгээ өгчихөөч гэсэн. Би тийм л Ерөнхий сайд байхыг хүснэ. Би Монголынхоо нэг иргэн, нэг аж ахуй нэгжийн төлөө Засгийн газар дуугардаг байх болно. Ингэж байж бид бүгдээрээ Монгол Улсаа хөгжүүлэх боломжоо бүрдүүлж авна гэлээ. Үүгээр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн бөгөөд Ерөнхий сайд ийм уулзалтыг улирал тутамд зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.

Н.Гантуяа

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ