Тайландын засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-24 15:16:58

БАНГКОК, 2025 оны гуравдугаар сарын 24 /Thai PBS/. Тайландын Ерөнхий сайд Пэтхонгтан Чинаватын засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг тус улсын Үндэсний ассамблейн (парламент) Төлөөлөгчдийн танхим хэлэлцэж эхэлжээ. 


Сөрөг хүчний Ардын намаас санаачилсан парламентын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ. 


Сөрөг хүчнийхэн Пэтхонгтан Чинават Засгийн газрыг удирдах чадвартай эсэх, мөн түүний эцэг, Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават засгийн газарт нөлөөлсөн эсэхийг хэлэлцэх ажээ. Санал хураалтыг гуравдугаар сарын 26-нд явуулахаар төлөвлөжээ. 


"Пи Таи" намаар удирдуулсан эрх баригч эвсэл олонхын суудлыг (322) эзэлж байгаа тул Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг 500 суудалтай Төлөөлөгчдийн танхим батлах магадлал бага гэж ажиглагчид үзэж байна. 


Тайландын парламент өнгөрсөн оны наймдугаар сард "Пи Таи" намын дарга Петхонгтан Чинаватыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Чинаватын нам Төлөөлөгчдийн танхимд 141 суудалтай. Парламентын олонхыг бүрдүүлдэг Засгийн газрын эвсэлд мөн “Пумчайтай” нам (70 суудал), “Руам Тай Сан Чат” (36 суудал), Ардчилсан нам (25 суудал) болон бусад улс төрийн хүчин багтдаг.

Холбоотой мэдээ