ОРХОН: Ирэх жилүүдэд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн урсгал зардлын тооцоог гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-26 08:57:09

Баян-Өндөр,2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр ирэх жилүүдэд ашиглалтад орох ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн боловсон хүчин, урсгал зардал төсөвтэй холбоотой тооцоо судалгааг гаргаж, уг асуудлаар Боловсролын яамны холбогдох албаныхантай уулзаж үр дүнг танилцуулахыг чиглэл болгосон.


Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Аймгийн Боловсролын газартай хамтран 960 хүүхдийн 1 сургууль, 150 хүүхдийн 1 цэцэрлэгийн урсгал зардал болон бусад тооцоог гаргажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Оюут багийн 2а хороололд 150 хүүхдийн цэцэрлэг энэ онд ашиглалтад орно. Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эл бүтээн байгуулалт ашиглалтад орсноор орон нутагт 37 ажлын байр шинээр бий болох юм.


Цэцэрлэгийн нэг жилийн урсгал зардалд 2.4 тэрбум төгрөг шаардлагатай, багш, ажилчдын цалинд 851.8 сая төгрөг, байр ашиглалтын зардалд 258.0 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Харин Оюут баг 2а хороолол болон VII хороололд тус бүр 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил энэ онд эхэлж 2026 онд ашиглалтад оруулна. Барилгын нийт төсөвт өртөг тус бүр 15.7 тэрбум төгрөг. Энэ онд улсын төсвөөс тус бүр 4,7 тэрбум төгрөг батлагдсан.


Орон нутагт 108 ажлын байр бий болж, 2 ээлжинд 3800 гаруй хүүхэд суралцах боломж бүрдэх юм. 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн 1 жилийн урсгал зардалд 8.2 тэрбум төгрөг, 108 багш, ажилтны цалинд 3.8 тэрбум төгрөг, байр ашиглалтын зардалд 366.0 сая төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарсан. Хэрэгжилт 50 хувьтай байна.

Холбоотой мэдээ