Аргентины шигшээ баг ДАШТ-ий эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-26 09:23:37

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны гуравдугаар сарын 26 /TASS/.  Хөл бөмбөгийн дэлхийн аварга Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс хамгийн түрүүнд ДАШТ-2026-д оролцох эрхээ авлаа.


Өчигдөр болсон тоглолтод Боливийн шигшээ баг Уругвайтай 0:0 тэнцсэнээр аргентинчууд ДАШТ-нд оролцох нь тодорхой болсон байна. Тодруулбал, 13 тоглолтын дараах байдлаар Аргентины шигшээ баг 28 оноо авч, сонгон шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол удаад нь Эквадор (22 оноо), Бразил (21), Уругвай (21), Парагвай (20), Колумби (19), Боливи (14), Венесуэл (12), Перу (10), Чилийн (9) багууд бичигдэж байна. Сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцож буй Өмнөд Америкийн багууд нийт 18 тоглолт хийнэ. 


Тэмцээний дүнгээр шилдэг зургаан баг ДАШТ-нд оролцох эрхээ авах бол 7 дугаар байр эзэлсэн баг бусад тивийн багуудтай нэмэлт тоглолт хийж эрхээ авах ёстой.  


Одоогийн байдлаар  Япон, Шинэ Зеланд, Ираны багууд ДАШТ-нд оролцохоор шалгараад аваад байгаа бол тэмцээнийг зохион байгуулагч орнуудын хувиар АНУ, Канад, Мексикийн багууд сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцоно.


Энэ удаагийн ДАШТ 2026 оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-нд болох бөгөөд түүнд анх удаа 48 баг оролцоно гэдгээрээ онцлогтой. 

Холбоотой мэдээ