З.Блаттер, М.Платини нарыг дахин цагаатгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 26 /DW/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч асан Зепп Блаттер, Европын хөл бөмбөгийн холбооны (УЕФА) ерөнхийлөгч асан Мишель Платини нарыг Швейцарын Муттенц хотын шүүх дахин цагаатгасан тухай Германы спортын мэдээллийн SID агентлаг өчигдөр мэдээлжээ.
Итгэлийг урвуулан ашигласан, ёс бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр тэдэнд 1 жил 8 сар хорих ял оноохыг Прокурорын газраас шаарджээ. 2011 онд М.Блаттерын даалгавраар ФИФА-гаас М.Платинид 2 сая швейцар франк шилжүүлсэнтэй холбоотойгоор тэднийг эдгээр хэрэгт буруутгасан байна.
“Миний нэр төр сэргэлээ. ФИФА болон Швейцарын зарим прокурорын 10 гаруй жил үргэлжилсэн хавчлага мөрдлөг одоо төгсгөл боллоо. Энэ бүхний учир шалтгаан тун энгийн бөгөөд намайг ФИФА-гийн ерөнхийлөгч болоход саад учруулах зорилготой байсан" гэж өдгөө 69 настай М.Платини шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа хэлжээ.
Харин 89 настай З.Блаттер хэлэхдээ "10 гаруй жил үргэлжилсэн дарамт арилсанд баяртай байна. Энэ бол миний хувьд хүнд үе байсан. Одоо амьдрал арай өөр байх болов уу" гэсэн байна.
М.Платинид “жентельмен эрчүүдийн аман хэлэлцээрийн” дагуу мөнгө шилжүүлсэн гэж З.Блаттер тухайн үед тайлбарлаж байжээ. Харин М.Платини хэлэхдээ, энэ мөнгийг 1998-2002 онд ФИФА-д Блаттерын зөвлөхөөр ажиллаж байхдаа хийсэн ажлаа үнэлүүлж авсан мөнгө гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, тус байгууллагын санхүүгийн байдал хүнд байсан тул мөнгийг хугацаанд нь шилжүүлж чадаагүй аж.
Швейцарын шүүх М.Платини, З.Блаттер нарыг 2022 оны долоодугаар сард цагаатгаж байжээ. Харин Женевийн прокурорын газар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Холбооны эрүүгийн шүүхэд давж заалдсан байна.
З.Блаттер 1998-2015 онд ФИФА-г удирдаж байсан бөгөөд тус байгууллагад дэгдсэн авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон юм. Түүний оронд тухайн үед УЕФА-гийн ерөнхийлөгч байсан М.Платини ажиллахаар төлөвлөж байжээ. Гэвч мөрдөн шалгалтын улмаас тэрбээр ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан байна.