АРХАНГАЙ: Төсвийн орлогын төлөвлөгөөг 107.7 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-26 15:31:50

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 2 дугаар сард аймгийн төсөвт 11.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 12.6 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 107.7 хувиар биелүүлжээ.

 

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 3.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 122.9 хувиар биелүүлсэн байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг Жаргалант, Өндөр-Улаан, Цахир, Чулуутаас бусад сум 100.3 хувиас 3.2 дахин их биелүүлсэн байна.

        

Аймгийн төсвийн орлогын 61.6 хувийг тусламжийн орлогоор, 34.3 хувийг татварын орлогоор, 4.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр хог хаягдлын үйлчилгээний хураамж, ус, рашаан ашигласны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр 62.5 - 92.7 хувиар биелүүлээгүй байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 7.9 тэрбум төгрөг байгаагийн 46.3 хувийг цалин хөлсөнд, 5.9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 47.8 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 73.4 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 19.5 хувийг боловсролын салбарт, 2.4 хувийг соёлын салбарт, 4.7 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.


Холбоотой мэдээ