ХӨВСГӨЛ: “Цэнгэг усны эх Хөвсгөл нутагт” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
gantuyaB@montsame.mn
2025-03-28 17:48:11

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Мөрөн суманд Цэнгэг ус хамгаалал төслөөс  цэнгэг ус, түүний экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хүүхэд, залуу үеийн дуу хоолойг хүргэх, усны нөөцийн хамгаалалт, зохистой хэрэглээ, бохирдлоос сэргийлэх арга хэмжээний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, экологийн боловсрол олгох зорилгоор “Цэнгэг усны эх Хөвсгөл нутаг” өдөрлөг зохион байгууллаа.


Энэ үеэр  Дэлгэрмөрөн, Үүр голын тухай, Хөвсгөл аймгийн ус ашиглалтын өнөөгийн байдал, цэнгэг усны хаан тул загасны тухай, цэнгэг усны индикатор усны амьтдын тухай мэдээлэл өглөө.


“Цэнгэг усны эх Хөвсгөл нутаг” өдөрлөгийн үеэр сурагчдын 400 бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, бүтээлээр дамжуулан цэнгэг ус, түүний экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд танилцууллаа.


Тус үйл ажиллагаанд Дэлгэрмөрөн болон Хөвсгөл нуур Эгийн голын сав газарт хамрагдах Хөвсгөл аймгийн 12 сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчин, усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид оролцлоо.


Мөн өдөрлөгийг угтаж “Цэнгэг ус цэнхэр гариг бидний ирээдүй” сэдэвт дэвжээ тэмцээн, гар зураг, фото зургийн 3 төрөлт уралдаан  зохион байгуулж, 19 сургуулийн нийт 3,443 сурагч байгаль орчны мэдлэгээ бататгаж,  цэнгэг усаа хайрлах уриалгад нэгдсэн бөгөөд шилдгүүдийн шагналыг гардуулан өглөө.



 




 

                

Холбоотой мэдээ